Ерөнхийлөгчийн 2020 оны ээлжит сонгуульд (XI.3-нд санал хураалт) БНН-аас нэр дэвшигч АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп  коронавирусийн халдвар авсан нь X.2-нд анх оношлогдож, улмаар Цэргийн эмнэлэгт гурав хоног хэвтэж эмчлүүлэн дексаметазон, ремдесивир гэсэн хоёр төрлийн эм хэрэглэж, Цагаан ордны эмч нар болон өөрийнх нь ярьснаар бол бүрэн эдгэрсэн ажээ. Тэрбээр эмнэлгээс гарснаасаа хойш анхлан өнгөрсөн бямба гарагт Цагаан ордонд олон нийтийн өмнө 20 минут үг хэлсэн бол өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлэн Флоридо мужид очиж цуглаан дээр үг хэллээ. Д.Трамп тус мужийн Санфорд хотод өөрийг нь дэмжихээр цуглаанд хүрэлцэн ирсэн хүмүүсийн өмнө бүтэн цагийн турш үг хэлж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол хийх ажлаа танилцууллаа. Индэр дээр гарч сурталчилгааны лекцээ эхлэхийн өмнө амны хаалтаа цуглаанд оролцогчид руу чулуудаад “Надад дархлаа тогтсон гэдгийг бүгд баталж байгаа” хэмээн үгээ эхэлжээ. Ийнхүү Д.Трамп амны хаалт зүүлгүй үг хэлж, цуглаанд оролцогчид нь ч хоорондоо цар тахлын дэглэмийн зай барилтыг хэрэгжүүлэлгүй ойрхон бөөгнөрч зогссон байна.