Орон нутгийн хуанлийн Лхагва гарагт АНУ-д болсон үйл явдлыг тоймловол:

  • 00 цаг. Дональд Трампыг дэмжигчид Америкийн парламентын байр Капитолын ордон руу дайрч эхэллээ. Ордонд Конгрессын дээд доод Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүд хуралдаж Жо Байдены сонгуульд ялсан үр дүнг хүлээн зөвшөөрч буйгаа, улмаар түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулах ёстой байв.
  • Конгрессын хуралдаан завсарлаж гишүүдийг аюулгүй орчинд шилжүүллээ. Жагсагчид цагдаа нарын хамгаалалтыг нэвтэрч Капитолын ордоныг эзэллээ. Мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй, нийт дөрвөн жагсагч амь үрэгдэж, 60 гаруй хүн баривчлагдлаа.
  • Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Жо Байден одоогийн Ерөнхийлөгч Д.Трампад хандаж “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, Үндсэн хуулиа хамгаалж, энэ бүслэлтийг зогсоохыг шаард” гэж уриаллаа.
  • Дээрх мэдэгдлээс хойш удалгүй Д.Трамп твиттер хуудсандаа жагсагчдыг тайван байж гэр гэртээ тарахыг уриалсан ярианы бичлэгээ тавилаа. Гэхдээ сонгуулийг Жо Байден луйвардсан гэж үзэж байгаагаа дахин мэдэгдлээ.
  • Вашингтон хотод оройн 18.00-аас өглөөний 06.00 хүртэл хөл хорионы онц байдал тогтоож, Батлан хамгаалах яамны харьяа Үндэсний гвардийн 1800 цэргийн бүрэлдэхүүнтэй анги Капитолын ордныг жагсагчдаас чөлөөлж хамгаалалтад авлаа. Онц байдал Ерөнхийлөгч тангараг өргөх Нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх ажээ.
  • Завсарлаад байсан Конгрессын чуулган дахин үргэлжилж Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг баталгаажууллаа.

Америкийн Вашингтон хотод үүссэн үймээн самууны нөхцөл байдал өчигдрөөс эхлэн тайван намдуу болсон байна. Капитолын ордон руу орох гадна хашааг хоёр метрээс өндөр цэргүүдээр хамгаалуулжээ. Харин улстөрийн талбарт Д.Трамп руу чиглэсэн довтолгоо ид өрнөж байна. Жа Байдены АН-ынхан төдийгүй, өөрийнх нь БНН-ын  гишүүн нэр төртэй улстөрчид хүртэл Нэгдүгээр сарын 20-нд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхөөс өмнө огцрохыг Д.Трампаас шаардаж эхэллээ. Улстөр судлаачдын үзэж байгаагаар бол, Д.Трампыг хуулийн дагуу импичмент үзүүлэх эсвэл Үндсэн хуулийн, 1967 онд оруулсан 25 дахь нэмэлтийг үндэслэж огцруулахад цаг хугацаа давчуу, ердөө арван нэгэн хоног үлдсэн байгаа учраас эдгээр хувилбар бүтэл муутай гэнэ. Гагцхүү өөрөө саналаараа огцрох ганцхан зам байгаа аж. Гэтэл Д.Трамп анх удаа өчигдөр Жо Байденыг сонгуульд ялсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан нь улстөрийн нөхцөл байдлыг аядуу болгож, үүгээрээ хугацаанаасаа өмнө сайн дураар огцрохгүй гэдгээ нэгэн утгаар илтгэж байгаа ажээ.

Дашрамд дурдахад, энэ удаагийн сонгуулиар 74.216.747 сонгогчийн санал авсан Д.Трамп нь дараагийн 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой гэдгээ нуухгүй байгаа билээ /Жо Байденых 81268867 сонгогч/. Тийм ч учраас бүрэн эрхийн хугацаа дуусгаад ажлаа өгөх, огцорч суудлаа орхих нь 2024 оны сонгуульд нэр дэвшихэд ямар нөлөөтэй вэ гэдгээ тэрбээр тооцсон байх нь ээ. Үүнээс үүдээд Д.Трамп огцрохгүй, үлдсэн 11 хоногт Ерөнхийлөгчийн албаа хаших нь тодорхой боллоо.