Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

“Би багадаа” төгсөшгүй цуврал номоос

Бишрэн шүтэж, хайрлан хүндэлж, бахархан дууриадаг хүмүүс маань багадаа чухам ямар хүүхэд байсан бол оо?

Хэн хүний сонирхлыг татах энэ асуулт танд ч гэсэн хааяа төрдөг биз. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, соёлын гавьяат зүтгэлтэн Дэмбэрэлийн ЧОЙЖАМЦ хүүхэд ахуй насаа ийн дурсах авай.

 Бурхан тахил бүгд далд

-Би 1951 онд Төв аймгийн Өнжүүл буюу одоогийн Бүрэн суманд төрсөн хүн байгаа юм. Миний эцэг Дэмбэрэл ардын засагтай нас чацуу хүн байсан даа. Насаараа төр, засагтаа зүтгэж яваад 1970-аад оны сүүлчээр өөд болсон. Харин миний ээж Сэрээтэр айлын ганц охин. Би ганц дүүтэй. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг.

Манайх намайг таван настай байхад Улаанбаатарт шилжин ирсэн. Бага насаа би Гандангийн арын дэнжид өнгөрүүлсэн хүн. Аав, ээж хоёр минь их шүтлэгтэй улс. Тэр үед цаг цөвүүн, шашин шүтлэгийг сүрхий хавчиж, хүмүүсийг хардаж сэрддэг байлаа.

Тийм болохоор бүхнийг нууцаар л хийнэ шүү дээ. Манайд нэг шүүгээ байх. Бурхан тахил, хамаг юмаа л тэнд хийчихнэ. Өдөр онгойлгоно гэж үгүй, байнгын түгжээтэй.

Харин үдэш орой болж хүн амьтны хөл сийрэгшээд ирэх үеэр хашааныхаа хаалга үүдийг дангинатал нь түгжиж байгаад бурхан тахилаа гарган арц хүж уугиулж, маань мэгзэм хөгжөөдөг байв. Аливаа хүнд ахуй орчин нь их нөлөө үзүүлдэг болохоор жаахан байхаасаа би бурхан номд элэгтэй болсон юм болов уу. Эрдэм чадалтай мундаг хүн олон байж дээ, миний багад.

Ганцхан үлээгээд л..

-Манай нутгийн Хадны мангаа гэж айхавтар хүн байсан юмдаг. Хажууд байж байснаа нүд ирмэхийн зуурт гэнэт алга болчихдог, хэн нэгний нүдэнд цагаан юм уначихаар ганцхан үлээгээд л зүгээр болгочихдог байсан гэж хөгшчүүл хуучилдаг сан.

Намайг аав минь тэр хүнд шавь оруулсан юм билээ. Тэднийх манайхыг нүүж ирснээс нэлээн хожуу хотод орж ирсэн бөгөөд манайхтай их ойрхон хашаанд байдаг байлаа. Би тэднийд хэзээний л гүйгээд очих дуртай сан. Багшийн гэр орон нь цаанаа л нэг тохь тухтай, халуун дулаан санагдаад л.

Арц хүжний анхилам үнэр ханхлах. Энэ багш шигээ эрдэм номд төгс боловсорсон том лам болохсон гэж нууцхан мөрөөддөг байлаа. Тэгээд ч мэдээ орж байх үеэсээ орныхоо даавууг хуулж аван орхимж болгон биеэ ороож завилж суучихаад лам болж тоглодог байсан юм гэнэ лээ.

Сүүлд сургуульд орсон хойно манай ангийн хүүхдүүд намайг “лам” гэж хочилдог байсан гээд бод доо. Хичээлээ тараад Гандан хийдийн хажуугаар л явах. Хүүхдүүд л болсон хойно эрхэлж тоглоно. Хамт явж байгаа хүүхдүүд “За, лам минь мөргөөрэй” гэхээр нь би мөргөлийн урт модон дээр очоод зөндөө олон удаа учиргүй сунан мөргөдөг байж билээ.

Одоо манай ангийнхан тааралдахаараа “Бид л чамайг лам болгосон шүү” гэцгээдэг юм. Мөн ангидаа яг л лам гэсэн үг. Хичээлийн завсарлагаанаар ширээн дээрээ гарч завилаад суучихна. Тэгээд шалчийсан муу даавуун цүнхээрээ хүүхдүүдэд “адис өгнө”. Их л хачин алиа марзан гэмээр хүүхэд байж. Сургуульд байхдаа би ном их уншдаг сан. Тэр үед ч ном  их уншихыг шаарддаг байж.

Барилдаад үзүүрлэж байв

-Бөхөд дуртай. Үндэсний бөх, чөлөөтөөр барилддаг байсан. Том биетэй, жин ч үеийнхнээсээ арай илүү байсан болов уу. Хүнд жинд барилддаг хүүхэд ч ховор байж. Ахлах ангид л байсан санагдана. Нэг тэмцээнээр М.Мөнгөнтэй түрүү булаалдаж үзүүрлээд хоёрын тоотой диплом, 25 төгрөгөөр шагнуулж бөөн баяр харьснаа мартдаггүй. Намайг давж түрүүлсэн тэр Мөнгөн чинь одоогийн улсын арслан шүү дээ.

Үзүүрлэсэн болохоор аавыгаа магтах болов уу гэтэл тэгээгүй. “Номоо үзсэн нь дээр биз дээ, чи” гэснээс хойш барилдах сонирхол багассан даа.

Бидний үеийн хүүхдүүд спорт тоглоом их сонирхдог байж. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, за тэгээд тэвэг өшиглөх, матка цохих гээд “явж өгнө”. Тэвгээр би Гандан хавийнхаа хэдэн гудамжны шилдгийн нэг явсан даа.

Мөн булчингаа хөгжүүлэх гэж ихэд хичээн хүйтэн усаар биеэ шавшина. Гэдэснийхээ зургаан булчинг гаргах гээд л...

“Бид хоёрын үйл бүтэх нь”

-Би чинь нийслэлийн 22 дугаар дунд сургуулийг төгссөн хүн. Тэр үедээ англи хэл сурах гэж оролдон Чой.Лувсанжав гуайгаас мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж зөвлөгөө авдаг байв. Нэг өдөр Лувсанжав багш “Чи ер нь төвд ном үзвэл яасан юм” гэдэг байгаа. Би ч татгалзаагүй. Тэгээд аавыгаа даган явж жинхэнэ номынхоо багштай танилцаж шавь орсон доо.  1969 онд.

Аав бид хоёрыг очиход багш бурхан  номынхоо өргөө рүү морилж явах нь таарчихгүй юу. Амар мэндээ мэдэлцсэний дараа зорьж яваа учир байдлаа хэлбэл багш “Их хэрэг зоригийг бүтээх гэж зорьж яваа хүмүүс хээр гадаа уулзах нь бэлгэ дэмбэрэлтэй байдаг юм. Хүү минь чи бид хоёрын үйл хэрэг бүтэх нь. Шавь болгож авалгүй яахав” гэж  билээ.

Тэгээд өдөр судраа хэлэлцэж тохирон хадаг барьж бараалхан багш шавь болж байв. Миний номын багшийг Данзан-Одсэр гэдэг юм. Багшийнхаа захиасыг даган төвд номыг овоо сурч эхэлж байтал нэг өдөр багш “Шашны дээд сургууль шинээр нээгдэх гэж байгаа юм байна. Хүү минь чи тэнд орж суралцвал яасан юм бэ” гэдэг юм.

Би ч ямар багшийнхаа үгнээс гарах биш, хэлснээр нь 1970 онд тус сургуулийн анхны сурагч болсон доо...

Хамба ”Миний хүү, бурхан номдоо буян санаж, хий гэснийг нь л хийж байгаарай” гэж аавынхаа захиснаар сургуулиа төгсөөд Гандантэгчэнлин хийдийн хурлын лам, дуганч, голч зэрэг  ажлыг зургаан жил хийсэн гэнэ.

Гандангийн лам нар “Энэ Чойжамц их сайхан дуу хоолойтой, яваандаа унзад болох хүн дээ” гэцгээдэг байсан бөгөөд түүнд нь мань хүн ихэд урамшдаг байж. Удалгүй Энэтхэг рүү “эрдэм өвөрлөн ирэхээр” одов. Үүнийгээ Гандан хийдээ зөв санаж, хий гэснийг нь хийж явсны маань хайр хишиг байх даа гэх.

Энэтхэгт Далай багшийн дэргэд гурван жил сууж, Буддын диалектикийн сургуульд номын дуу сонсон толгойгоо чамгүй цэнэглэсэн түүнийг 1986 онд сургуулиа төгсөөд ирүүт нас дээр гарсан, эрдэм төгс өвгөчүүл “Залуучуудаа дэмжин сургаж, хойч үеэ бэлтгэе” гэцгээн Гандангийн дэд хамба болгох нь тэр.

Нийгэмд хөдөлгөөн орж, дээр дооргүй бужигнасан 1990 онд Гандангийнхан ч зүгээр суусангүй “Хийдийн удирдлагыг өөрчилье” гэснээр Чойжамц дэд хамбаасаа чөлөөлөгдөн гэртээ суух болж, номоо үзэж, зэрэг цол ч хамгаалах бодолтой байж. Тэгтэл Ардчилсан холбооноос Ардын их хурлын сонгуульд нэрийг нь дэвшүүлснээр тойрогтоо өрсөлдсөн арав гаруй хүнээс депутатаар сонгогджээ.

Энэ нь Ардын их хурлын депутатаар лам хүн сонгогдсон анхны тохиолдол байлаа. Шинэ Үндсэн хуулийг батлалцаж, бурхан шашны үйл хэрэгт үнэнч явсан түүнийг 1991 онд Гандангийн тэргүүн хамба Данигай гуай дуудаж “Хийдийн тэргүүлэгчид дандаа шинэ хүмүүс болчихлоо. Хуучин ажиллаж байсан ганц нэг хүн хэрэгтэй байна. Хүү минь чи Да лам гэдэг шинэ албанд ирж ажиллана уу” гэхээр нь Их хуралд сууж байсан тэрбээр татгалзахаас өөр арга байсангүй.

Гэтэл дахин дуудаж уулзан Данигай гуай гоморхлын үг цухуйлгаж “Настай хүний үг авдаггүй хаашаа хүүхэд вэ. Ажилдаа шууд ор” хэмээн “лүндэн буулгаснаар” Да лам болж.

Үүнээс нэг жилийн дараа буюу 1992 онд Данигай гуай тэргүүлэгчдээ цуглуулж “Миний нас өндөр боллоо. Уламжлал ёсоороо би дараагийнхаа хамбыг өөрөө томилно. Энэ бол Чойжамц байгаа юм. Надаас хойш Ганданг авч явах чадвартай хүн. Хуучин Их хүрээний хамбыг Богдоос зөвшөөрөл авч томилдог байсныг бодож Ерөнхийлөгчид албан ёсоор дуулгана” гэжээ. Тэгээд нэг их удалгүй дахин цуглуулж “Ерөнхийлөгч П.Очирбат зөвшөөрсөн” гээд Данигай гуай ажлаа хүлээлгэн өгсөн аж.

Багадаа “лам” хочтой, лам болж тоглодог байсан хүүгийн зөн совин ийнхүү биеллээ олж, Бурхан шашны төв Гандантэгчэнлингийн тэргүүн хамба болсон түүхтэй.

Чойжамц хамбаас энэ хийдийн хэд дэх хамба болохыг нь сонирхоход “Их хүрээний хамба нарыг тоолбол олон л доо. Харин Гандантэгчэнлин хийдийг дахин сэргээсэн 1944 оноос хойш бол тодорхой. Дахин сэргэхэд Пэл гэдэг хүн хамба болсон юм билээ. Түүний дараа 1959 оноос манай номч мэргэн Гомбожав хамба 20 жил, Гаадан гуай 10 жил хамба байсан. Дараа нь Дагвадорж гуай, Данигай гуай, тэгээд би юм байна” хэмээн өгүүлсэн.