Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн айлдвар айлдлаа.

Монголчууд цагаан сарыг эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүглийг тэвчдэг баяр болгон тэмдэглэж ирсэн. Эрт дээр үед шашин төрийн баяр байсан ч сүүлийн үед бүх нийтээрээ тэмдэглэдэг болсон байна. Мөн ахмадаа хүндэтгэж, үр хүүхдээ асарч, найз нөхөд, хамаатан садантайгаа уулздаг сайхан үе юм.

Битүүнд муудалцсан хүнтэйгээ хөөрөг зөрүүлэн эвлэрдэг

Шинэ жилийн баяр битүүнд эхэлдэг. Битүүний урьд өдөр цэвэрлэгээ хийж, тоос шороогоо гөвж, өрнөөсөө салдаг байна. Харин битүүнд хэн нэгэнтэй муудалцсан бол хөөрөг зөрүүлэн эвлэрч бүх муухай зүйлээ эерүүлэн шинэ жилээ угтдаг ёстой.

Шинийн нэгэнд бэлэг дэмбэрэлгүй үг хэлдэггүй

Цагаан сарын шинийн нэгэнд айлд орохдоо нүдний харц хоймор руу нь эхэлж хараад дараа нь бусад хүмүүстэй мэндэлдэг ёстой байна.  Битүүн болон шинийн нэгэнд айлд орохдоо бэлгэ дэмбэрэлгүй муу үг хэлбэл хэзээ ч зочин болдоггүй, цагаан сараар дахиж урьдаггүй байжээ.

Дээр үед хадгаа пүүст аваачиж өгөөд юм худалдаж авдаг байсан

Хадаг нь цагаан сарын хувьд маш эрхэм зүйл. Хадаг тогтвол буян тогтоно гэж ярьдаг байсан хэмээн гавж Д.Чойжамц хэллээ. Түүнээс одоогийнх шиг модноос дүүжилдэг, гадаа хаядаг зүйл биш гэнэ.

1990 оноос хойш учир мэдэхгүй хүмүүс хаа хамаагүй хаядаг болсон. Хадаг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд нь ч мэдэхгүй дээлийн торго шиг зузаан юм хийдэг болсон. Хив хадгийг биед нь өргөж байгаа хэрэг учраас зөөлөн нимгэн байдаг байсан гэж гавж Чойжамц хэлсэн юм.

Бид цагаан сараар дамжуулан уламжлал, ёс заншлаа хойч үедээ дархлаа болгон үлдээх учиртай гэнэ. Нэг өдөр ч гэсэн Монгол дээл хувцсаа өмсвөл даяаршиж байгаа нийгэмд уламжлалаа авч үлдэх том ажил гэдгийг тэрээр онцолсон юм.

Хүн өөрөө хичээвэл муу зүйлийг даван туулж чадна

Нохой жилийн хувьд зарим улиралд ган гачигтай ч сайхан жил болно. Ахмадууд ажил хөдөлмөр, биедээ болгоомжтой хандах шаардлагатай. Малчид малдаа хянуур хандахгүй бол бусдын эрхэнд орж мэдэхээр байна. Гэхдээ зурхайгаар тэр жилийн өнгийг тодорхойлдог ч хүн өөрөө хичээвэл аливаа муу зүйлсийг даван туулдаг гэнэ.

Монголын ард түмнээ эвтэй зүйтэй, урт настай, удаан жаргалтай, харшлах шалтгаанаас ангид, эд зүйлээр элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, хамгийн сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гээд гавж Чойжамц айлдвараа өндөрлөлөө.