Хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон удаа дараагийн цар тахлын үеэр гэрийн хорионд орсон хомесапиенсууд “толгойгоо ажиллуулдаг” уламжлалтай. Оросын билэгт яруу найрагч А.Пушкин 1830 оны намар нийслэл Москвад гарсан холероос зугтаан хотоос гарч, хөдөө тосгонд очин өөрийгөө тусгаарлан гэрийн хорионд сууж байхдаа “Евгений Онегин” шүлэглэсэн романаа бичиж эхэлсэн байдаг. Түүнтэй нэгэн адил албан ёсны гэрийн хорионд орсон эсвэл сайн дураар өөрийгөө тусгаарлан сууж байхдаа дэлхийн сонгодог болсон уран бүтээлээ туурвисан зохиолч цөөнгүй бий. Тухайлбал,

--- Туркийн Люсиан нь НТӨ 165 онд Ромын эзэнт гүрэнд дэгдсэн тахлын үеэр “Александр, эсвэл хуурамч эш үзүүлэгч”

--- Оросын А.Чехов холерын цар тахлын үеэр 1892, 1899 оноор огноолсон “Зургаадугаар өрөө”, “Хар лам” (эмч мэргэжилтэй байсан зохиолч өөрөө сүрьеэгээр 1904 онд нас барсан)

--- Английн Ж.Милтон нь Лондонд 1665-1666 онд дэгдсэн цар тахлын үеэр “Алдагдсан диваажин” (зохиогч хараагүй байсан бөгөөд бусдад хэлж бичүүлсэн)

--- Германы Томас Манн нь 1910-аад онд сүрьеэгийн дэгдэлтийн үеэр “Ид шидийн уул” (эхнэр нь сүрьеэ туссан бөгөөд бичсэн номоо 1924 онд гаргасан)

--- Италын Ж.Боккаччо нь 1348 онд Европ даяар дэгдсэн цар  тахлын үеэр “Декамерон”

--- Английн У.Шекспир нь 1605-1606 онд улс орон даяар дэгдсэн цар тахлын үеэр “Макбет”, “Лир ван” (зохиолч хүүхэд байхдаа 1564 онд тахал тусч байсан учраас том болоод өвчлөл өргөн хүрээтэй дэлгэрэхэд өөрийгөө тусгаарладаг зуршилтай болжээ).

Дээрх уран бүтээлүүд дээр агуу эрдэмтэн И.Ньютон цар тахлын улмаас 1665 онд сурч байсан Кембрижийн их сургууль нь түр хаагдахад хөдөө гэртээ очиж өөрийгөө өрөөндөө тусгаарлах зуурт Таталцал, хөдөлгөөний талаарх агуу нээлтийн санаагаа олсон гэдгийг нэмж дурдах нь зүйтэй болов уу.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нь хорио, тусгаарлалтад байгаа хүмүүсийг чөлөөт цагаа ашиглан 2025 оноос улс даяар нийтээр хэрэглэхээр хуульчилсан Монгол бичгээ шамдан суралцахыг уриалсан. “Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй” гэдэг  болохоор 14, 21 хоногоор тусгаарлагдсан хүмүүс А.Пушкин шиг “Евгений Онегин” найраглал бичдэггүй юм гэхэд Д.Нямхүү даргын үгэнд орвол Монгол бичгийн мэдлэгээ хэдэн шат урагшлуулах юм.

 

Эх сурвалж : udriintoim.mn  Б.Цагаанхүү