Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас жил бүр зохион явуулдаг, 1971 оноос эхлэлтэй Евролигийн энэ оны аварга баг тодорлоо. Германы Кёльн хотын нэг ч үзэгчгүй хоосон “Рейнэнерги” цэнгэлдэхэд манайхаар урьд шөнө болсон финалын тоглолтод Испанийн “Севилья” баг Италын “Интер”-ийг 3:2-оор хожиж Аваргын цом өргөлөө. Гоолыг Де Йонг 12 мин, 33 мин, Диего 74 мин – Лукаку торгуулийн цохилтоос 5 мин, Годин 36 минутад оруулав. Испанийн клуб Евролигийн нийт 49 удаагийн тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн амжилтаа зургаа болгов. Урьд нь 2006, 2007, 2014, 2015, 2016 онд аваргалж цом өргөсөн. “Севилья” финалд зургаан удаа шалгарч бүгдэд нь түрүүлж, шалгарсан л бол хождог ялагдалгүй цуварлаа ийнхүү үргэлжлүүллээ. Харин  1991, 1994, 1998 онд түрүүлж байсан “Интер” хоёр дахь удаа финалын тоглолтод хожигдов. Өмнө нь 1997 онд түрүүлж чадаагүй юм.

Энэ удаагийн финалын тоглолтын үеэр Коронавирусийн цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэмийг чанд сахьсан нь олон нийтийн сайшаалыг хүртэв. Кёльн хотын “Рейнэнерги” цэнгэлдэхийн удирдлага 50997 үзэгчийн суудлын тасалбараасаа нэгийг ч худалдалгүй тоглолтыг хоосон цэнгэлдэхэд зохион байгуулав. Хоёр багийн хөлбөмбөгчид тоглолт эхлэхийн өмнө болон дууссаны дараа хоорондоо гар барихгүй, цамцаа (футболка) харилцан солилцож бие биендээ дурсгаж өгөхгүй байх зэрэг урьдчилсан сануулгыг сахин биелүүллээ. Дашрамд сонирхуулахад хөлстэй цамцаа бусдад дурсгасан тохиолдолд 14 хоног тусгаарлагдаж хяналтад орох ёстой гэсэн журам нь хөлбөмбөгчдийг дэгэнд оруулсан. Евролигийн аварга болж цом өргөсөн “Севилья” баг 21.937.500000 төгрөгтэй тэнцэх 6.5 сая еврогийн, үзүүрлэсэн “Интер” баг 11.812.500000 төгрөгтэй дүйхүүц 3.5 сая еврогийн шагнал хүртлээ.