АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг сонгогчдод тараах ажил тус улсын дөрвөн муж Миннесота, Виржиниа, Өмнөд Дакота, Вайомингод өчигдөр IX.18-ны баасан гаргаас эхэллээ. Ковид-19-ийн цар тахлын дэгдэлтээс сэрэмжлүүлэхийн тулд сонгогчид бүгд нэг өдөр хэсгийн хорооны байранд биечлэн очиж саналын хуудсыг бөглөдөг байсан ганцхан хувилбарт журмыг өөрчилж үүнээс гадна шуудангаар саналаа өгч болох хэлбэрийг сонгосон. Виржина мужийн сонгогчид өчигдрөөс урьдчилж авч байгаа саналын хуудсаа бөглөөд өөрийн тойрогтоо биечлэн өгч болно, эсвэл X.23-ны дотор шуудангаар илгээх ажээ. Харин Виржиниа, Өмнөд Дакота, Вайоминг мужийн сонгогчид авсан саналын хуудсаа бөглөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор болох XI.2-ны мягмар гаргаас өмнө хороо, хэсгийн байранд өөрөө авчирч өгөх, эсвэл шуудангаар илгээх ёстой юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ийнхүү дөрвөн мужид 44 өдрийн өмнө урьдчилж эхэллээ.