Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа гэдгийг албаныхан хэлж байв.  Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.

Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна.

Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

 

Эх сурвалж:www.udriintoim.mn  М.Өнөр