Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг АШТ болох Английн премьер лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн бямба, ням гарагт нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд боллоо. Ойрын үед цэнгэлдэхэд үзэгчдийг нэвтрүүлэх зохицуулалтыг шат дараалан хийхгүй бол 2020/2021 оны хөлбөмбөгийн улиралд клубууд нийт 700 сая паундын ашиг орлогоо алдах тооцоо гарчээ. Ерөнхий сайд Б.Жонсоны хэлснээр бол, аравдугаар сарын 1-нээс цэнгэлдэхэд үзэх үзэгчдийг нэг мянгаас эхлэн тоог нь аажмаар нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж байгаа ажээ. Засгийн газрын гишүүн, Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Оливер Доуден “Шинэ жилийн өмнө Зул сарын баяр гэхэд бүх тоглолт цэнгэлдэх дүүрэн үзэгчтэйгээр болно гэдэгт найдаж байна” гэж мэдэгдлээ. Дашрамд дурдахад, Б.Жонсоны тэргүүлдэг Засгийн газраас Их Британийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 1-нээс эхлэн коронавирусийн цар тахлаас болж түр завсарлаад байсан спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах зөвшөөрлийг өгсөн.

Гэсэн хэдий ч өнгөрсөн гурван сард ихэнх тэмцээн үзэгчгүй хоосон цэнгэлдэх, заал танхимд болсон. Тухайлбал, хөлбөмбөгийн Английн премьер лигийн улирлын төгсгөлийн, Английн цомын болон Английн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтууд нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд болсон. Мөн олон улсын  “Формула-1”-ийн хоёр уралдааныг үзэгчгүйгээр зохион явуулсан. Харин туршилтын журмаар, хүмүүсээс ковид-19-ийн хурдавчилсан шинжилгээ авч, хоорондын зай барих журмыг маш сайн мөрдүүлж сахиулан, харьцангуй цөөн тооны үзэгчтэйгээр гурван тэмцээн явуулсан. Эдгээр нь: ---Хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт: “Брайтон”- “Челси”, нийт 2500 үзэгч. ---Снукер бильярдын ДАШТ-ий финал: Ронни Ронни О’Салливан–Кирен Уилсон, нийт 300 үзэгч. ---Донкастер хотод болсон морины бооцоот уралдаан: нийт 2500 үзэгчтэй болсон юм.