Нийслэлийн төв зам дагуу хэсэг залуус өчигдөр үзэл бодлоо илэрхийлж "Битгий давар" уриа лоозон барьж жагссан юм. Тэднийг цагдаагийн байгууллагаас зогсоож, баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. "Эерэг нийгэм" ТББ-аас Хууль зүй дотоод хэргийн яаманд тэдгээр залуусыг чөлөөлүүлэх шаардлагыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүү " Өчигдрийн жагсаал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З дахь, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон тул ЦБ-аас шалгасан. Тэр хүүхдүүдийг баривчлаагүй тайлбар аваад явуулсан. Шалгалт үргэлжилж байна" гэлээ.

  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З-т "Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно"
  • Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Эх сурвалж: udriintoim.mn