Үндэслэл

Монгол Улсад жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн статистик, дүн шинжилгээг бүх шатны бодлого төлөвлөлт, төсөвлөлтөд нэвтрүүлэх чиглэлээр Жендэрийн үндэсний хороо тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд үүний нэг тодорхой ажил нь жил бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний бага хурал юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд 2017 онд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан, суралцагчийн дунд зохион байгуулж байсан бол 2018 онд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, коллежийн эрдэмтэн багш, судлаачдын дунд “Жендэрийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөө” сэдвээр  эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөр болон 2016-2018 онуудад батлагдсан салбаруудын жендэрийн бодлого, орон нутгийн  жендэрийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд жендэрийн судалгаа, дүн шинжилгээг чиглүүлэн, судлаачдыг чадавхжуулах нь чухал билээ. Түүнчлэн жендэрийн дүн шинжилгээг үндэсний, салбар, орон нутгийн жендэрийн бодлого төлөвлөлттэй уялдуулах, практик хэрэглээ, үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна.

Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулснаар  нь жендэр судлалыг хөгжүүлэхэд түлхэц болохын зэрэгцээ багш судлаачид болон бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжихэд чухал алхам болно.

Зорилго

Жендэрийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй байгууллага, мэргэжилтэн, судлаачдын чадавхийг бэхжүүлэх, тэдний үндэсний, салбар, орон нутгийн жендэрийн бодлого төлөвлөлтөд оруулах бодит хувь нэмрийг нэмэгдүүлэх, жендэрийн дүн шинжилгээний практик хэрэглээг дэмжинэ.

Хүлээгдэж буй үр дүн

  • Жендэрийн бодлого төлөвлөлт, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн практик үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх;
  • Жендэрийн тэгш байдал, түүнийг хангах арга замын талаарх мэдлэг ойлгоцыг нэмэгдүүлж, жендэрийн дүн шинжилгээ, судалгаанд суурилсан жендэрийн бодлого төлөвлөлт болон практик үйл ажиллагааны үр нөлөөг сурталчлан таниулахад хувь нэмэр оруулах;
  • Жендэрийн асуудлаар судалгаа шинжилгээ хийдэг байгууллага болон салбар, орон нутгийн жендэрийн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих;

Хамрах хүрээ

Жендэрийн консорциум, үндэсний хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, коллежийн эрдэмтэн багш, судлаачидэрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн оролцох ба жендэрийн бодлого төлөвлөлт бүхий салбаруудын холбогдох албан тушаалтнууд судалгааны бэлтгэл ажлын явцад хамтран ажиллаж, бага хурлын үйл ажиллагаанд оролцоно.

Сэдвийн хамрах хүрээ, агуулга

“Жендэрийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал нь “Жендэрийн дүн шинжилгээг бодлого, үйл ажиллагаандуриан дор дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь жендэрийн дүн шинжилгээ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ
  • Барилга, хот байгуулалтын салбар дахь жендэрийн дүн шинжилгээ
  • Уул уурхайн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ
  • Байгаль орчны салбар дах жендэрийн дүн шинжилгээ
  • Эрүүл мэндийн салбар дах жендэрийн дүн шинжилгээ
  • Хөдөлмөрийн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ
  • Нийгмийн хамгааллын салбар дахь жендэрийн дүн шинжилгээ
  • Эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгаа
  • Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгаа

Зохион байгуулагч

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Жендэрийн Үндэсний хороо

Дэмжигч байгууллага:

  • Азийн Хөгжлийн Банк

Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага  

  • Эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой уялдсан байх
  • Судалгаа, нотолгоонд суурилсан байх
  • Жендэрийн тэгш байдлыг хангах төрийн болон салбар, орон нутгийн бодлогыг дэмжихүйц, шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргасан байх
  • Ашигласан ном, материалын жагсаалт бичиж, ерөнхий дүгнэлт, зөвлөмжтэй байх
  • Илтгэлийн хураангуйг боловсруулсан байх
  • Хуралд ирүүлсэн илтгэлийг оролцогчдод буцаан олгохгүй бөгөөд зохион байгуулагч тал иш татах зэргээр ашиглахыг зөвшөөрсөн байх

Илтгэлийн бүтцэд тавигдах нийтлэг шаардлага

  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр, нас, хүйс, байгууллага, албан тушаал (оюутан суралцагч бол  мэргэжлийн чиглэл, анги/курс)
  • Илтгэлийн үндэслэл, зорилго, ач холбогдол
  • Онол арга зүйн үндэс
  • Судалгааны арга зүй, аргачлал
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт, санал, зөвлөмж
  • Ашигласан материалын жагсаалт
  • Илтгэлийн хураангуй /абстракт/ түлхүүр үгсийн хамт 250-260 үгт багтсан байх
  • Дэлгэрэнгүй илтгэл 10-12 нүүрт багтсан байх

Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага

  • Үсгийн фонд Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, цаасны хэмжээ A4, хуудас 10-12, хэл- Монгол
  • Илтгэл нь ишлэл, зүүлт бичих шаардлагыг хангасан байна.
  • Ишлэл болон ашигласан материал нь зохиогч, зохиогчийн овог, бүтээлийн нэр, хэвлэсэн газар, он, хуудас гэсэн дараалалтай байна.

Илтгэгчдэд тавигдах шаардлага

  • Илтгэлийг ирүүлэхдээ бүрэн илтгэл 1 хувь, хураангуй илтгэл 1 хувийг тус тус хэвлэж ирүүлсэн байх, танилцуулгыг MS Power Point дээр, 10-12 минутанд багтаан танилцуулахаар бэлтгэх, илтгэлийг инфографик хэлбэрт оруулж, тус бага хуралд оролцогчдод түгээх, танилцуулахаар бэлтгэх, 4х6 харьцаатай 1 хувь цээж зураг, холбоо барих утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллүүдийг бичсэн байна.

Шалгаруулалт

Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн илтгэлийн шалгаруулалт 3 үе шаттай, онооны системээр сонгон шалгаруулах журмаар явагдана.

1-р шат

  • Илтгэлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагт багтаан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны 202 тоот өрөөнд болон buyanaa@gender.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: 51-261569

2-р шат

  • 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилдэг 10 илтгэлийг шалгаруулж, шалгарсан оролцогчдод холбогдох мэдээллийг хүргүүлнэ.

3-р шат

  • 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэн 1, 2, 3 дугаар байр шалгаруулна.

Жич: 2-р шатанд шалгарсан илтгэгч орон нутгаас оролцож байгаа тохиолдолд 2 талын замын зардлыг хот хоорондын нийтийн тээврийн жишгээр тооцож олгоно.

Шүүгчид

Шүүгчдийн багт Жендэрийн үндэсний хорооны гишүүд, Хорооны салбар зөвлөл, Хорооны дэргэдэх Үндэсний шинжээчдийн бүлгийн төлөөлөл ажиллана.

Урамшуулал

Байр Шагнал /төгрөг/
1 1-р байр-1, мөнгөн шагнал, өргөмжлөл 1000,000
2 2-р байр-1, мөнгөн шагнал, өргөмжлөл 500,000
3 3-р байр-1, мөнгөн шагнал, өргөмжлөл 300.000

Эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан 10 шилдэг илтгэлийг хэвлэн олон нийтэд  хүргэнэ.