Бид тоймлоё, Та унш

2018.05.23 Лхагва                                     23°C   2,405.92  Өвчин өчүүхэн ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Өмнөд Солонгос-Америкийн ерөнхийлөгчид уулзана
  • Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа буулгаж эхэлнэ
  • ОУ-ын яст мэлхий хамгаалах өдөр

Чухлыг тоймлоё


Эдийн засгийн чуулган 2018

“Хүчээ нэгтгэе” уриан дор Ордонд 2 өдөр үргэлжилсэн чуулганд улстөрчид, сайд дарга нар, гадны болон дотоодын бизнесменүүд, судлаачдаар дүүрэн болж өнгөрлөө.

Хэн юу ярив?

Ерөнхийлөгч Х.Баттулга: Өнөөдөр Монголд цэцэн цэлмэг нь олон ч хийдэг нь ховор, одоо л шийдэл хийхгүй бол ард түмэн цаашид ажлаа хийдэггүй хүмүүсийг тэвчихгүй шүү гэлээ.

ЕС У.Хүрэлсүх: Чуулган амжилттай болж байгаа нь байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээс харагдаж байна, улсын ЭЗ өсөж байна. Тавантолгойн нүүрсний ордын төслийг эрчимжүүлнэ гэв.

Хүмүүс юуг анхаарч байна?

Баабар. Тэрээр чуулганд оролцон үг хэлэхдээ, Оюутолгойн төсөл зогсвол иргэд цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно гэв. Үүнийг “үнэн” хэмээн дэмжих нэгэн байхад, Оюутолгойн захиалга гэж сэжиглэх нэгэн ч мөн байна.

Тойм

Жил бүр зохиогддог Эдийн засгийн форум нь улс төрчид, бизнесмен, судлаачид нэг дор цуглан улсын хөгжлийн бодлогын хувилбаруудыг бий болгох зорилготой. Гэхдээ энэ жил “томчуул” маань өмнөх жилийн форумын үр дүнг тоймлон хэлэлцэн, алдаа оноо ажлын тайлангаа ярьж, дүгнэлт хийсэнгүй.


Д.Сугарын оронд Ш.Солонгыг томилохыг дэмжлээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, түүний оронд хуульч Ш.Солонгыг томилох саналыг Байнгын хороо дэмжлээ. Санал Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдвэл Ш.Солонго цэцийн 3 дахь эмэгтэй гишүүн болох юм. Д.Сугар 2012 онд сонгогдсоноос хойш МИАТ болон Эрдэнэтийн 51% зэрэг хэрэгт нэр нь холбогдоод байгаа юм.


ОУ-ын сэтгүүлчид Хойд Солонгосыг зорьлоо

Америк, Их Британи, Хятад, Оросын 20 гаруй сэтгүүлчид өчигдөр Хойд Солонгост газарджээ. Тэднийг Хойд Солонгос цөмийн туршилтын талбайг нураах үйл явцаа ажиглуулахаар урьсан юм. Харин Америктай цэргийн сургуулилт хийж буй Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн урилга эцсийн мөчид цуцлагджээ.


Ираны түүхэн дэх хамгийн хатуу хориг

Америк Иранд нийт 12 шаардлага  хүргүүлж, биелүүлэхгүй бол “түүхэн дэх хамгийн хатуу” хориг тавина гэлээ. Шаардлагаас дурдвал, Сириэс цэргээ татах, террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлэхээ зогсоох, Иракийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг. Энэ мэдэгдлийг Ираны тал эсэргүүцэн Aмерикийн “хууль бус арга хэмжээ болон сүрдүүлгийг” олон улсын шүүхээр заргалдах эрхтэй гэжээ.


Олон улсын хөрөнгийн зах зээл өслөө

Хятад, Америкийн худалдааны дайныг түр зогсоох хэлэлцээр өнгөрсөн 7 хоногт болсноос хойш дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн үнэлгээ 0.54-1.21%-иар өссөн байна.  Мөн ам.доллар юань, иэн, фунтийн эсрэг чангарчээ.

Таны Сонорт


 Ядарсан үедээ 20 минут унтвал анхаарал төвлөрөх чадвар, сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг.  

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр