Дональд Трамп өөртэй нь өрсөлдөж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтад олонхийн санал авсан АН-ын нэр дэвшигч Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж удаа дараа мэдэгдэж өнөөдрийг хүрсэн. Америкийн Конгресс Үндсэн хуульд заасны дагуу сонгуульд Жо Байденг ялсныг өнөөдөр албан ёсоор баталгаажууллаа. Жо Байден энэ Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж АНУ-ын төрийн тэргүүний ажлаа  Цагаан ордонд эхэлнэ.

Жо Байденд сонгогчдын өгсөн саналыг баталгаажуулах Конгрессын чуулган манайхаар урьд шөнө эхлэх үеэр Д.Трампыг дэмжигчид үймээн дэгдээж Капитолын ордныг эзлэн эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ үеэр дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Жо Байденыг АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсонд нь бус Д.Трамп ялагдсанд дургүйцсэн хүмүүсийн эсэргүүцэл цаашид улстөрийн нөхцөл байдлыг хүндрүүлэх магадлалтай болсон тул тус улсын Батлан хамгаалах яам Үндэсний гвардийн 1800 албан хаагчийг Вашингтон хотноо хамгаалалтад гаргахаар шийдвэрлэлээ.