46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслол ирэх долоо хоногийн лхагва гараг, Нэгдүгээр сарын 20-ны өглөө /манайхаар үдэш/ Вашингтон хотноо Конгрессын ордны өмнө болно. Энэ ёслолд Д.Трамп оролцохгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн ба Дэд ерөнхийлөгч Майк Пенси уг арга хэмжээнд байлцах юм.

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр Д.Трампын бүрэн эрх дуусгавар болж буй. Тэрбээр Жо Байденыг тангараг өргөх үеэр лхагва гарагийн өглөө Вашингтон хотоос Флоридо руу гэргий Мелинагийн хамт зорих ажээ. Д.Трампыг үдэх ёслол түүний суух онгоц хөөрөх Эндрюсийн цэргийн баазын нисэх буудалд болохоор төлөвлөгджээ.