Монгол улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол 7568 бүртгэгдэж өмнөх оноос 30,5 хувиар буурсан бөгөөд нийт ослын 6875 буюу 90,8 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Нийт бүртгэгдэж буй нийт зам тээврийн ослын 98.5 хувь нь жолоочийн буруугаас, 1.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 0.2 хувь нь гарч байгаа бөгөөд жолооч нар хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад:

Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар, эсрэг урсгалд орсон 3.7 хувиар, хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1  хувиар тус тус өсчээ.

Харин уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс 4.4 хувиар, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 77.7 хувиар, гэрэл дохио зөрчсөний улмаас гарсан осол 20.0 хувиар, хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гарсан осол 20.5 хувиар, эгнээ байр буруу эзэлсэн 54.0 хувиар, явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол 58.3 хувиар гэх зэргээр тус тус буурсан үзүүлэллтэй байна.

Мөн 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгэслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28 хувиар, ослын улмаас амь нас нь хохирсон хүн 33.7 хувь, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 27.5 хувь, амь нас нь хохирсон хүүхдийн тоо 76,9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32 хувиар тус тус буурчээ.

Цаашид иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хүүхдийг зөв тээвэрлэх, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газар анхааруулж байна.