Бид тоймлоё, Та унш

2020.05.07 Пүрэв                           12°C                2,791   Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 

Засгийн газраас  793 тэрбумын хоёр дахь багц арга хэмжээг танилцуулав

Цар тахалын үед хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлж байна.  Өмнө нь долоон төрлийн арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан бол  энэ удаа дөрвийг нэмж хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.  Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  танилцуулав.   Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл тооцож олгоно. Мөн дөрөвдүгээр сарын зөрүүг өчигдөр холбогдох данснуудад шилжүүлжээ.   Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай иргэнд олгож байгаа  талоныг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийджээ.  Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхдүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон иргэдийн НХС-гаас авдаг тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болголоо.  Түүнчлэн малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал 20 мянган төгрөгийг  кг тутамд олгохоор шийдвэрлэсэн байна. Эдгээрт 793 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

 

Ерөнхий сайдын хэлсэн эшлэлүүд

-Нөхцөл байдалтай уялдаад янз бүрийн шийдвэр гаргаж байгаа. Цаашид ч гаргана. Засгийн газар, УОК, Хотоос гаргаж байгаа шийдвэрүүд хүн болгонд талаагдахгүй байж магадгүй. Нийтийн эрх ашгийн төлөө л шийдвэр гаргана.

-Бизнесийн асуудал дэлхий нийтээрээ хүндэрсэн байгаа. Хөрөнгө мөнгөтэй улс орнууд мөнгөө гаргаад асуудлаа шийдээд явж байна. Бидэнд байгаа боломж л энэ. Засагт байгаа боломжийнхоо хэрээр иргэдийнхээ ахуй амьдралд тусалж байгаа нь энэ.

-Дараагийн ажлуудаа ч бодоод төлөвлөөд явж байна. Түүнээс бүх хүмүүст мөнгө өгөөд, бүх ААН-үүдээ тордож чадахгүй. Энэ чинь дэлхийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг. Дэлхий даяар материаллаг баялаг үйлдвэрлэдэг иргэдийн 81 хувь хөл хорионд орсон гэх судалгаа гарсан байна.

-Сонгууль болохоос нэг сарын өмнө Засгийн газраа солиод яах ч юм билээ.

Их хурал ямар шийдвэр гаргана түүнийг нь Засгийн газар дагаж мөрдөнө.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Мөн  энэ үеэр ХХААХҮ-ийн Ч.Улаан "Монгол ноолуурынхаа үнэ цэнийг дэлхийд хадгалж үлдэх ёстой гэдэг бодлого тавин ажиллаж байна. Нэг кг тутамд нь олгох 20 мянган төгрөг малчдын дансанд нь хийнэ. Ноолуурын дийлэнх хэсгийг худалдаж авдаг гаднын хүмүүс орж ирээгүй. Тиймээс цаг хугацааны хувьд удаашралттай байна. Тиймээс малчид маань яарч, сандарч ноолуураа битгий хямд үнээр зараарай, зарж болохгүй" хэмээн ярилаа.  Мөн тэрээр Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарыг дэмжих үүднээс уг шийдвэрийг гаргажээ. Урамшууллыг 2019 оны жилийн эцэст тоолуулсан ямааны тоо, нас, үүлдрийг харгалзан олгоно гэдгийг хэллээ.

Малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоо илэрхийлсэн билээ.

 


 

Дахиад нэг чухал шийдвэр

Засгийн газрын ээлжит хуралдаан  хуралдаанаар  сургалтын төвүүдийг нээх тухай асуудал байсан юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд сургалтын төвүүдийг нээх тогтоол баталлаа.  Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх ажээ. Сургалтад 16-аас дээш насны иргэдийг хамруулахыг зөвшөөрөх юм байна.Мөн төгсөх ангийн буюу арванхоёрдугаар ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгажээ. Ингэхдээ нэг ангид 10-аас илүүгүй хүүхэд суулгаж давтлага хийх юм байна.


 

Фронт С.Цэгмидийг ОХУ-ын төрийн дээд шагналаар шагнажээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчинд Төрийн дээд шагнал олгожээ.  Тодруулбал, Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан  Фронт С.Цэгмид хэмээн олноо алдаршсан буурлыг ‪ОХУ-ын Төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамныхан өнгөрсөн долоо хоногт гэрт нь очиж гардуулан өгчээ. Тэрээр арван найман настайдаа Монгол Улсын сайн малчин цолыг маршал Х.Чойбалсангаас гардаж явжээ. Хамгийн залуу сайн малчны хувиар 1942 онд Дундговь аймгийнхаа гал голомтыг асаалцаж байсан.  Мөн аймгийнхаа 30 мянган хүнийг төлөөлөн эх орны дайны фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан түүхэн хүн билээ. Эх орны дайны халуун цэгт С.Цэгмидийн хамт дөрвөн эмэгтэй явсны нэг нь Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байсан хэмээн түүхэнд үлджээ.

 

 


 

  • Энэ жилийн ялалтын баяраар зөвхөн нисэхийн үзүүлбэр, ёслолын буудлага болно.  Үзүүлбэрт 600 онгоц, нисдэг тэрэг оролцоно гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Тавдугаар сарын 4-нд агаарын парадын сургуулилалт Улаан талбайд болсон юм байна.  “Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн арга  хэмжээний хүрээнд нийт 47 хотод агаарын парад болно” хэмээн яамны мэдээнд өгүүлжээ. Үүнд нийтдээ 597 онгоц оролцох аж. Цар тахлын улмаас ялалтын баярыг ирэх намар болтол хойшлуулах шийдвэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 16-нд мэдэгдсэн ч хожим агаарын парад хийж ёслолын буудлага явуулахаар  шийдвэрлэсэн юм. Ерөнхийлөгч Путин гаргасан юм.

 

 

 

Таны Сонорт 


Гадаадад байгаа монголчуудад зориулсан "Шуурхай 119" аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ.

 

 

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр