Аливаа юм бүхэн анх удаатай. Дотроо эерэг, сөрөг гэсэн имижтэй. Төрсөн өдрөөрөө баглаа цэцгийн бэлэг анх удаа авах, анх удаа алхаж байгаа хүүгээ хараад ээжийгээ зүйрлэн бодох... гэх мэтээр тоочвол энэ жагсаалт мөд дуусахгүй.

Хүн төрөлхтний спортын зуны XXXII их наадам “Токио-2020” коронавирусийн цар тахлаас үүдэн бүтэн жилээр хойшилсонтой уялдуулаад 1896 оноос эхлэлтэй орчин цагийн зуны олимпын түүхэн дэх зарим “анх удаа”-гаас сонирхуулъя.

Дэлхийн I дайнаас болж Германы нийслэл Берлинд 1916 онд болох байсан VI наадам цуцлагдан 1920 он хүртэл хойшилж байсан нь олимпын хувьд анх удаагийнх бол энэ удаагийн Токиогийнх цар тахлын улмаас анх удаа хойшилсон гэж бичигдэнэ.

Анх удаа, олимпын наадмаас медаль авсан Монголын тамирчин бол Ч.Дамдиншарав гавьяат. Тэрбээр 1968 онд Мексик улсын нийслэл Мехикод чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Анх удаа, олимпын аварга болсон монгол эрхэм бол Н.Түвшинбаяр баатар. 2008 онд манай урд хөрш Бээжинд жүдо бөхийн -100 кг-ын жинд түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаасан билээ.

Анх удаа, хөнгөн атлетикийн гүйлтийн төрөлд хөл нүцгэн уралдсан тамирчин түрүүлсэн тохиолдол XVII олимп “Ром-1960”-д гарсан. Африк тивээс, хар арьстнуудаас анх удаа олимпын аварга болсон гэдгээрээ алдаршсан Эфиопын тамирчин Абебе Бикила 42 км 195 метр холын зайн марафонд шаахай байтугай оймс ч углалгүй хөл нүцгэн гүйж түрүүлсэн юм. Мэргэжлийн хөгжимчдөөс анх удаа нэг төгөлдөр хуурч бүсгүй XIV наадам “Лондон-1948”-д түрүүлж олимпын аварга болсон. Тэр тамирчин бол бөөрөнцөг түлхэлтийн төрөлд аваргалсан Францын алдартай төгөлдөр хуурч Мишлин Остермайер байлаа.

Анх удаа, нэг улсаас ах дүү гурван бөх нэг олимпод оролцсон нь манай Цэрэнбаатарын Цогтбаяр (Гавьяат тамирчин, 1998 он), Цэрэнбаатарын Энхбаяр, Цэрэнбаатарын Хосбаяр (Гавьяат дасгалжуулагч, 2014 он) нар. Ах дүү гурав 1992 оны Барселоны олимпын чөлөөт бөхийн 48, 52, 57 кг-ын жинд барилдсан.

Анх удаа, олимпын далбааг хулгайлсан гэмт хэрэг  VII олимп “Антверпен-1920”-д гарсан. Олимпын наадмын нээлт болсноос хоёр хоногийн дараа 1920 оны наймдугаар сарын 16-нд Бельгийн Антверпений тэнгэрт мандаж байсан олимпын далбаа хулгайд алдагджээ. Одоо болтол олдоогүй бөгөөд туг далбаа цуглуулагч хоббитой хэн нэгэн хүн худалдаж аваад ил гаргалгүй хадгалж байгаа болов уу гэсэн таамаглалаас өөр эрлийн сэжүүр байхгүй. Тиймээс өнөөгийн бид Антверпений олимпын далбаа цоо шинээрээ цуглуулгын далд санд 100 дахь жилдээ хадгалагдаж буй гэж итгэх л үлджээ.

Харин олимпын далбааг хулгайлах гээд үйлдэл дээрээ баригдсан анх удаагийн үйл явдал Токио хотноо 1965 онд болжээ. Гэмт этгээд нь 1956, 1960, 1964 оны Мельбурн, Ром, Токиогийн дараалсан гурван олимпын наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 100 метрийн зайн алтан медалийн эзэн, Австралийн домогт тамирчин Дон Фрейзер хатагтай байлаа.

Анх удаа, олимпыг хааж хэлдэг, “төд дэх удаагийн олимпын наадам өндөрлөснийг мэдэгдье” гэсэн үг мартагдсан тохиолдол XV наадам “Хельсинк-1952”-д гарсан. Уламжлал ёсоор хаалтын ёслолыг өндөрлүүлсэн ОУОХ-ны ерөнхийлөгч Зирфрид Эдстрем “Fifteenth Olympics adjourned” гэдэг үг хэлэхээ мартсан байдаг. Иймээс өнөө цаг дор зарим шооч хүн “1952 оны олимп үргэлжилж байгаа гэл үү” гэсэн явган яриагаар Финландын спортынхныг даажигнадаг.

Анх удаа, олимпын дэвжээнд шударга бус шүүлтийг “тайчих урлаг” үзүүлж эсэргүүцсэн  явдал Бразилын “Рио-2016”-д болсон. Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан дуусахаас хэдхэн секундийн өмнө, Узбекийн бөх Наврузовыг хожиж байсан Г.Мандахнаранг торгож ялагдал хүлээлгэж буруу шүүсэн шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж хаясан юм.

Олимпын шударга өрсөлдөөний харт зөрчсөн шударга бус шүүгчдийг эсэргүүцсэн энэхүү “анх удаа” нь дэлхий даяар эерэг шуугиан дэгдээсэн. Америкийн Нью-Йорк хотын “Wresteology” компани  Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын хувцсаа тайчиж байх агшны зураг бүхий “Аварга шиг барилд. Монголчууд шиг тэмц” гэсэн футболк үйлдвэрлэж худалдсан юм. Нэг нь 22 ам.долларын үнэтэй футболкныхаа талаар тус компани “Бөхчүүд төдийгүй бусад тамирчны өрсөлдөөн хамгийн хүнд хэцүү зүйл. Энэ бүхнийг бид ойлгодог. Тиймээс бөхчүүдийн амьдралын хэв маягаас сэдэвлэж санаа авч загвараа зохион бүтээдэг. Манай бүтээгдэхүүн бөхчүүдэд зориулагддаг” хэмээн тайлбарлаж байлаа.