"Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг-Цэргийн баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 06-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулав.

Хавсран суугаа орнуудын цэргийн атташе нарын хамт

Арга хэмжээний хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа 23 орны батлан хамгаалахын атташе нарт Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултанд хариулав.

ХАЧА-ийн төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж байгаа нь

Түүнчлэн хурандаа Х.Батбилэг БНХАУ-ын Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн байгуулалт, цэрэг-улс төрийн газрын орлогч дарга, хошууч генерал Шэнь Жихуа тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Зэвсэгт хүчний ойн баярын хүлээн авалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг нар үг хэлж баяр хүргэв. БНХАУ-ын Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн байгуулалт, цэрэг - улс төрийн газрын орлогч дарга, хошууч генерал Шэнь Жихуа тэргүүтэй ХАЧА-ийн төлөөлөгчид, Хятадын ГХЯ болон бусад байгууллагын төлөөлөл, 82 орны батлан хамгаалахын атташе нар, нийтдээ 110 гаруй хүн тус хүлээн авалтад оролцлоо.

Эх сурвалж: http://www.mod.gov.mn