Б.БАЯР

Дуут дохиотой жийп унасан согтуу залуу замын цагдаад агсам тавьж байгаа бичлэг цахим сүлжээнд тавигджээ. Цагдаа салаавч өгч байна. Хэн нэгэн рүү яриад “Танай цагдаа намайг зогсоочихлоо. Бичлэг хийгээд байна. Дүү нь ууж идээд л явж байсан чинь...” гээд л ховлож байна. Цаанаас нь яриад “...Явуулчих” гэсэн бололтой.

Энэ бичлэгийг хүмүүс эгдүүцэж байна. Цагдааг өмөөрч байна. Яг үнэндээ салаавч “авсан” цагдааг л өрөвдөх хэрэгтэй юм. Энэ цагдаад тэр согтуу залууг цохиод унагах зүрх алга.

Яагаад гэвэл улстөрчид, тэднээс хамааралтай иймэрхүү нөхдүүд Монголын цагдааг “зүрхгүй” болгосон юм. Өөрөөр хэлбэл, цагдаа ийм доожоогүй байгаад дарга нар нь буруутай.

Дарга нар нь хуулиа орхиж, энэ хэдэн албан хаагчдаа “...Явуул” гэхээр салаавчийг нь аваад үлдэхээс өөр яах юм.

Яг үнэндээ ийм нөхдийг л “шаагаад унагачих” эрх, зүрх нь цагдаад байх ёстой юм.

Халаасны хулгайч,  хамар хашаанаас төмпөн “хусчихсан” нөхрийн дэргэд бол наадуул чинь жинхэнэ хулгай ч байж мэднэ. Тэднийг аархвал яаж нам цохих бол гэж бас бодогдож л байна.

Ингэж салаавч гаргасан этгээдэд яаж хариу барьдгийг харуулсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдох үйл явц Төрийн ордонд болж байхад хэдхээн зуун метрийн цаана Төрийн цагдааг нэг согтуу нөхөр элдэвлэж байна.

ХЗДХ-ийн сай, дэд сайд нь “...Хариуцлага тооцно” л гэж байна. Тэр нөхөр нь яриад байгаа шиг хэн нэгэн эрхэм гишүүний дүү юм уу, хүү нь байвал хариуцлага тоцож чадах уу?

Таваг хоолны мөнгөөр торгоод явуулсан л гэж дуулдах биз ээ.

Уг нь шударга ёсыг тогтооно гэвэл эхлээд ийм нөхдийн хандыг хага дарах ёстой юм. Бас төрийн цагдаагаа салаавчаар “зодуулж”, энэ нөхрийг найр тавьж явуулсан цагдаагийн даргыг олж хариуцлага тооцох учиртай.

Эх сурвалж: www.news1.mn