Зураг: BBC

Индонезийн нийслэл Жакартагаас хөдөлсөн 189 хүнтэй онгоц агаарт гарснаас 13 минутын дараа сураг тасарч, далайд осолджээ.

Индонезийн агаарын тээврийн Лион Эйр нэртэй компаний шинэ боинг онгоц орон нутгийн цагаар өглөө 6 цаг 21 минутад ойролцоох арал Пангкал Пинанг руу хөдөлсөн ба уг нислэг нэг цаг үргэлжлэх байсан ч ийнхүү осолдоод байна. Эрлийн баг амьд үлдэгсдийг хайх ажлаа үргэжлүүлж байгаа ч одоогийн байдлаар амьд хүн олоогүй байна.

Хөлөгт 181 зорчигч, хоёр нисгэгч, зургаан нислэгийн багийн ажилтан байсан ба Индонезийн Сангийн яамны 20 хүн тус онгоцонд зорчиж байсан гэдгийг Сангийн сайд нь мэдэгдээд байна. Тэд Индонезийн үндэсний баярыг гэр бүлтэйгээ тэмдэглээд ажил руугаа буцаж явжээ.

Аврах хантааз, гар утас, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс осол болсон газрын ойролцоо олдсон тухай тус улсын Үндэсний эрэл хайгуулын аврах алба мэдээллээ. Аврах баг 250 аврагчидтайгаар эрлийг үргэлжлүүлж байна.

Лион Эйр агаарын тээврийн компани нь Индонезийн хамгийн том хувийн компани бөгөөд зорчигдод хямд тийз санал болгодгоороо алдартай юм.

Эх сурвалж: CNN, BBC