Бид тоймлоё, Та унш

2020.04.14 Мягмар                              10°C  2,782  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 

Шатахууны үнэ буурчээ

Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас 300 төгрөгөөр бууруулах талаар Засгийн газраас мэдээлж байв.  Тэгвэл өнөөдрөөс зарим шатахуун түгээх станц үнээ буулгаж эхэлжээ. Тухайлбал, “Петровис” компани АИ-92 шатахууны үнээ 1500, АИ-95 шатахуунаа 2050 төгрөгөөр бууруулсан  бол дизель түлшээ 2150 төгрөг болгон 300 орчим төгрөгөөр литр тутамд нь бууруулсан байна. Гэвч Засгийн газраас мэдээлсэнчлэн 300 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй хэмээн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэдний тооцоолсноор литр тутамд нь 500-650 төгрөгөөр хямдруулах боломжтой хэмээн үзээд байгаа юм.

 

Автомашинтай жагсаал хийнэ

Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо нь шатахууны үнийг 300 биш, 500-650 төгрөгөөр бууруулах бодит нөхцөл байдал үүссэн тул 15-нд ийнхүү бууруулахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Хэрэв буулгахгүй бол 16-наас 100 машинтай жагсаал зохион байгуулна гэв.  Тэд импортлогч компаниуд НӨАТ, автобензин, дизелийн түлшний татвар гээд бусад бүх  татварыг оруулаад нэг тонн дизелийн түлшинд 495,000 төгрөгийн татварт төвлөрүүлж байна. Бусад зардал нь 44000 төгрөг. Үүнд “Роснефть”-ээс Монгол Улсад ирэх төмөр замын зардал 16400, агуулахаас ШТС руу явах 4200 болно.   Үүнээс хамгийн хачирхалтай зардал нь бидний тооцсноор 18 хувийн банкны хүүг шатахууны үнэд шингээж ард түмнээр төлүүлж байна гэлээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Сайнбаяр  “УУХҮЯ-ны барьдаг жишиг үнэ буюу Сингапурын биржийн сүүлийн 120 хоногийн баррель нефтийн үнэ 2020 оны нэгдүгээр сард 69 ам доллар байсан бол өнөөдөр 26 буюу 40 доллароор буучихаад байхад Монгол Улс 50 төгрөгөөр үнээ бууруулжээ.  Дөрөвдүгээр сард Монголын шатахуун импортлогчид 1,190 литр буюу нэг тонн дизель түлшийг “Роснефть” компаниас 1,029,000 төгрөгөөр худалдаж авсан байна.  Тиймээс 300 төгрөг бол бодит бууралт биш. Тиймээс манай холбооны зүгээс  “АИ-80” түлшийг 500, “АИ-92” түлшийг 500, дизель түлшийг литр тутамд нь 650 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцооллыг хийсэн” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 9 хувьд хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хуртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа. Бодлогын хүүг ийнхүү бууруулснаар арилжааны банкуудын зээл олгох үйл ажиллагаа нэмэгдэх бөгөөд өрсөлдөөнийг дагаад зээлийн хүү буурах, эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ хэмээн харж байна. Жилийн инфляц 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байгаа юм.


 

Индонезийн тосгоны сайн дурын “сүнснүүд”

Индонезийн Жава арлын Кепух тосгоны гудамж, талбайд сүүлийн үед шөнийн цагаар сүнснүүд үзэгдэх болсон байна. Гэхдээ энэ нь коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилготой хөл хорионы дэглэмийг сахиулж, иргэдийг гэрээс нь гаргахгүй байх арга юм байна. Тосгоны захиргаа мухар сүсэгтэй оршин суугчдаа гэрт нь байлгахын тулд сайн дурын “сүнснүүд”-ийг хөлслөн ажиллуулах болжээ. Индонезийн үлгэр домогт нас барсан хүний дэлхийд хоргодсон сүнс нь цагаан даавуунд ороогдсон бие, цонхигор царай, хөхөрсөн нүдтэй дүрслэгддэг байна. Ийм “сүнснүүд” гэнэт гарч ирж, хүмүүсийг айлгаж цочоох болсноор дэглэм зөрчиж, гэрээсээ гарах явдал багассан гэнэ.


 

  • УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад бичигдэж ирсэн Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалах зорилт тавьсан юм байна. Монголоос нэг ч хүн уг сургуульд докторын зэрэг хамгаалаагүй аж. Энэ тухай тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн номер нэг, тэр агуу их сургуулийг Монголоос нэг ч хүн докторын зэрэг хамгаалаагүй, маш хүнд сургууль гэхээр нь шохоорхоод гэх үү дээ өөрийгөө соримоор санагдаад байх юм. Намайг Номгүйбаяр гэж шоглодог. АНУ болон Германд нэр хүндтэй сургуулиудыг төгссөн тоодоггүй юм байлгүй. Тэгвэл Оксфордыг амжилттай төгсөхөөр юу гэх бол” гэжээ.

 

 

Таны Сонорт 


НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ

Өдрийн тойм Статистик 


Хүн минутанд 15 орчим удаа нүдээ цавчдаг бөгөөд хийж байгаа зүйлээс хамааран янз бүр байдаг. Зарим хүмүүс юм уншиж байхдаа харьцангуй бага нүдээ цавчдаг бол, харин ярих үедээ илүү их нүдээ анивчдаг гэнэ.

 

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр