Дэлхийн олон улс оронд цар тахлын улмаас хөл хорио, өөрийгөө тусгаарлах журам үйлчилж байгаа тул олон сая хүн уйдаж, хуучны гэрэл зургуудаа ухаж, дэлгэж эхэлсэн. Тэдний нэг нь ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шейк. Хөлбөмбөгч Криштиано Роналдо, жүжигчин Брэдли Күпер нарын бүсгүй явсан тэрбээр 20 жилийн өмнөх зурагаа дэлгэжээ.

20 жилийн өмнөх буюу 14 настай үеийн тэрхүү зураг дээр Ирина Шейк ОХУ-ын Челябинскаас 50 километрийн зайд орших төрөлх хот Еманжелинскийнхаа усан оргилуурын өмнө зогсох ажээ. Түүний зураг тухайн үеийн охид бүсгүйчүүдийн хувцас загвар ямар байсныг шууд харуулна.

Ирина Уралд төрж өссөн. Түүний аав бөөрний дутагдлын улмаас залуугаараа өөд болж, 14 настайдаа Ирина өнчирч үлджээ. “Еманжелинск маань их жижигхэн хот. Бараг л тосгон гэсэн үг. Дундаа ганц л том гудамжтай. Хүмүүс нь бие биенийгээ бүгд танина.

Хотын маань цэцэрлэгт хүрээлэн их гоё. Тэр цэцэрлэгт хүрээлэнгүйгээр хүүхэд залуус амьдарч ч чадахааргүй санагддагсан. Бид өөрсдөө төмс, улаан лооль, өргөст хэмхээ тарьж, хэрэглэдэг байлаа. Би багаасаа л ээждээ тусалсан” гэж Шейк дурссан байна.

Дунд сургуулиа төгссөний дараагаар Челябинскийн эдийн засгийн коллежид элсэн суралцаж, тухайн үеэсээ гоо бүсгүй, загвар өмсөгчийн уралдаанд оролцох болжээ. Тэндээс түүнийг Grace Models-ийн олон улсын хувцас загварын агентлагийн тэргүүн Гия Жикизе анзааран харж, Францын нийслэлд ажиллах санал тавьсан байна. Ингэж Ирина Шейкийн замнал эхэлжээ.

Р.Гэгээ