Италын Милан хотын анагаахын эрдэмтэд эрүүл мэндийн "medRxiv" сайтад судалгааны тайлангаа тавьсан нь шуугиан тарив. Судалгаа нь Италд Ковид-19-ийн халдвар авсан анхны тохиолдол хоёрдугаар сарын 21-нд бүртгэгдэхээс өмнө Милан хотод аль хэдийнэ коронавирусийн тахал дэгдэж, хотын оршин суугчид нь уг вирусээр өвчилж,  улмаар 20 хүн тутмын нэгд нь эсрэгбие үүсч дархлаа тогтсон болохыг батлан харуулав. Тус улсын томоохон муж, Милан хот төвтэй Ломбардийн бүс нь цар тахлын голомт болж II.21-ээс хойших хугацаанд 85775 хүн халдвар авч 15664 нь нас баржээ. Милан хотод одоо 22 гаруй мянган өвчтөн эмчлүүлж байна. Харин Итал улсын хэмжээнд 228006 хүн халдвар авч 32486 нь амь насаа алдаад байна.

Эрдэмтдийн судалгаа нь “ниргэсэн хойно хашгирав” гэдгийн үлгэр болжээ гэсэн шуугиан тарьж, Итал улс Ковид-19-ийн цар тахлын хорионы дэглэмээ шат дараатайгаар цуцалж “сүргийн дархлаа”-г чухалчлах алхам хийхэд хүргэлээ.