ТЕГ-аас коронавирусын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг гуравдугаар сарын 23-ны байдлаар танилцуулжээ. Тус мэдээлэлд Италийн Бергамо хотод нөхцөл байдал хүндэрч, цогцос хадгалах, шатаах газрууд дүүрч эмнэлгийн байгуулагын ажилтнууд дангаараа гүйцэтгэх боломжгүй болсон тул цэргийн хүчийг татан оролцуулж байна гэдгийг дурьджээ. Мөн тус хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон учир бусад хотууд руу өвчтөнүүдээ илгээж эхэлсэн байна.

Тус улсад тусламж үзүүлэхээр очсон Хятадын эмч, мэргэжилтнүүд Ломбарди мужид тогтоосон хяналт хангалттай чанга байж чадахгүй байгааг онцолсон байна. Мөн Италид ажиллаж байгаа Хятадын Улаан загалмай байгууллагын дэд Ерөнхийлөгч Сун Шоупэн “Вирусын тархалтыг тогтоон барихын тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай, одоогийн энэ нөхцөл байдал хоёр сарын өмнөх Ухань хотынхтой ижил байна, Милан хотод одоо ч нийтийн тээвэр ажиллаж, хүмүүс чөлөөтэй зорчиж, маск зүүхгүй, тэр ч бүү хэл зочид буудалд үдэшлэг, оройн хоолны арга хэмжээ болсоор байна.

Эдийн засгийн бүх үйл ажиллагаа болон хүний үйл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гэрт нь байлгах шаардлагатай” гэв. Иймээс Засгийн газраас Ломбарди хотод цэргийн хүчээр хөл хорионы дэглэм тогтоохоор болж, 114 цэргийг баасан гарагаас дайчилсан байна.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр