Их Британийн Хатан хаан Елизавета II ням гаригийн орой ард түмэндээ хандаж зурагтаар үг хэллээ. Тэрбээр коронавирусийн цар тахал дэгдсэн хүнд хэцүү үед сахилга бат, сэтгэлийн тэнхээ чухал гэдгийг дурьдсан байна.

Хатан хааны сэнтийд заларснаасаа хойш дөрөв дэх удаагаа ард түмэндээ хандан үг хэлж буй нь энэ юм. Өмнө нь 1999 онд Персийн булангийн дайн эхлэхэд, 1997 онд Диана гүнжийг зуурдаар нас барахад, 2002 онд эхийгээ өөд болоход ард түмэндээ хандан үг хэлсэн удаатай ажээ.

“Онцгой хэцүү цаг үе тулж ирээд буй тул би та бүхэнд хандаж байна. Зарим хүмүүс уй гашууд автаж, олон хүн санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж, хүн бүрийн хэвийн амьдралд томоохон өөрчлөлтүүд тулгарч, улс орон даяар жирийн амьдралын горим зөрчигдсөн энэ цагт та бүхэнд хандаж байна.

Энэ хэцүү цаг үеийг хэрхэн туулж давсныг маань ирээдүй хойч үеийнхэн минь бахархан дурсах болно гэдэгт би итгэж байна. Мөн энэ үеийнхнийг өмнөх үеийнхнээсээ дутахааргүй хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байсан гэж ярина гэдэгт итгэж байна.

Сахилга бат, сэтгэлийн тэнхээ, шийдэмгий зан, гэр бүл, ойр тойрныхноо хайрлаж халамжлах сэтгэл манай ард түмний үндсэн зан чанар хэвээр байгаа билээ” хэмээн Хатан хаан Елизавета II үгэндээ дурьджээ.

Их Британид одоогоор 47806 хүн коронавирусийн халдвар авч, 4934 хүн нас бараад байна.

Р.Гэгээ