Бид тоймлоё, Та унш

2020.08.24 Даваа гариг                             18°C                2,851   Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 

"Их, дээд сургуулийн онолын хичээлийг 100 хувь цахимаар заана"

Дэлхий дахинаа тархсан коронавируст халдварын улмаас улс орнууд хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Манай улсын хувьд ч гэсэн 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлыг бүхлээр нь цахим хэлбэрт шилжүүлэн явуулж, дуусгасан. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцагч суралцах тооцоо судалгаатай байгаагаас бакалаврын түвшинд 120 мянга  оюутан суралцахаар байна. Засгийн газрын 32 дугаар тогтоолоор 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу бэлтгэл ажлыг хангах хүрээнд таван сайдын хамтарсан тушаал гарч, холбогдох газруудад чиглэл өгөн ажиллаж байна. Коронавируст халдвар, цар тахлын үед их, дээд сургуулийн хичээлийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

 

Коронавирусын вакцины эргэн тойронд...

 

ОХУ-д бүтээсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараа манай талд нийлүүлэх хүсэлтийг  ГХЯ-наас Оросын талд албан ёсоор тавьсан байсан.

Тэгвэл  ОХУ талаас  “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцна. Тус сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа” мэдэгдсэн. Манай тал вакцины асуудлаар гэрээ, хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг /хэмжээ, хугацаа, төлбөр зэрэг/ тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм.  Энэ саналыг УОК, Эрүүл мэндийн яам судалж, хариу өгөх бөгөөд цаашид энэ асуудлаар Оросын талтай байнгын холбоотой ажиллахаар болжээ. 

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх “Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна. Их, дээд сургууль, коллежийн лекцийг есдүгээр сарын 1-нээс цахимаар эхлүүлэх бөгөөд аравдугаар сарын 5-наас танхимаар семинар лабораторийн хэлбэрээр явуулахаар болсон. Онолын хичээлийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулахаар зохион байгууллаа. Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөнө. Анги танхим, дотуур байр орчмыг халдваргүйжүүлэх ажлыг хийнэ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12,000 оюутныг хүлээн авах бэлтгэлийг хангасан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11,000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авна" гэлээ. 


 

Дахиад нэг чухал мэдээ

Томуугийн вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс вакциныг авдаг.  Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80,000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг 9 дүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа. Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ. Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд вакцины тендерийг зарлах арга хэмжээг авах юм байна. 


 

Минскийн талбайд 200 мянган хүн жагсаж, Лукашенко буу агслаа

Беларусь улс дахь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байгаа ба өнөөдөр нийслэл Минск хотын төв талбайд 200 мянга гаруй хүн цугларчээ. Жагсагчид тэндээсээ Ерөнхийлөгчийн ажлын байр болох Тусгаар тогтнолын ордонд хүрсэн бөгөөд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ордны дээвэр дээр нисдэг тэрэгтэй газарджээ. Тус улсын төрийн мэдээллийн агентлаг Belta тухайн мөчийг дүрсэнд буулгасан ба Лукашенко нисдэг тэрэгнээс буух үедээ сум нэвтэрдэггүй хантаз өмсөж гартаа "калашников" төрлийн автомат буу барьсан байв.

 


 

  • Австрийн Линц хотын нийтийн тээвэрт нисдэг таксины үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд шаардлагатай дэд бүтцийг 2021 онд барьж эхлэхээр болжээ. Зорчигчдоос гадна нисдэг такси ачаа тээвэрлэх аж.Туршилтын нислэгийг зорчигчгүй, хүн суурьшаагүй газар хийх бөгөөд нисдэг таксины зогсоолуудыг Дунай мөрний эрэг дагуу байгуулахаар төлөвлөж байна. Нисдэг таксийг Австри, Хятадын инженерүүд хамтран бүтээжээ.

 

 

 

Таны Сонорт 


Ирэх долоо хоногт ихэнх нутгаар усархаг бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ. Тухайлбал, маргааш нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

 

 

Өдрийн тойм Статистик 


Нас ахих тусам хүний булчин, шөрмөс суларч, тавхайн нум хавтгайрсны улмаас хөл бага зэрэг уртсаж өргөн болдог. Нэн ялангуяа таргалалт, чихрийн шижин өвчин болон хавдсан шагайтай хүмүүст илүү элбэг тохиолддог байна. 70-80 нас хүрэхэд хүний хөлний хэмжээ ихэвчлэн нэг размер томорсон байдаг ажээ.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр