Испанийн “Реал Мадрид”-ын серб довтлогч Лука Йович найз бүсгүй Софиа Милошевичийнхоо төрсөн өдрийг тэмдэглэхээр тэмүүлэхдээ карантин зөрчжээ. Мадридын сагсанбөмбөгийн багийнхнаас коронавирус илэрсэн тул клубын зүгээс спортын бүх төрлийн багийнхандаа карантин тавьсан юм.

Гэлээ ч дээрх шалтгааны улмаас Йович карантиныг зөрчиж Сербид очжээ. Эх нутагт нь мөн карантин тогтоосон тул түүнийг ирсэнд олон нийт болон төр засгийн удирдлага ч ихэд эгдүүцжээ.

“Сербид буухдаа би шинжилгээ өгсөн шүү дээ. Хариу нь сөрөг гарсан. Сербид гудамжаар явж болохгүй, зөвхөн хоол хүнс, эм авахаар л гарч болох карантин тогтоосны би яаж мэдэх юм бэ? Хэн нэгнийг бухимдуулж, гомдоож, аюулд учруулсан бол уучлалт гуйя” гэж Йович мэдэгдсэн байна.

Харин Сербийн Ерөнхий сайд Анне Брнабич “Та нар бүгдээрээ харлаа. Олон саяын гэрээтэй манай хөлбөмбөгчдийн байгаа байдал энэ. Тэд Сербид ирээд хууль, дүрмээс дээгүүр юм шиг аашилдаг” гэж мэдэгджээ.

Харин Сербийн Эрүүл мэндийн сайд Небойша Стефанович “Хэд хэдэн тамирчин карантин зөрчсөн явдал гарсныг бид тэмдэглэн авсан. Коронавирустай тэмцэж, давж гарсны дараагаар энэ тамирчдыг шүүхийн танихимд дуудах болно” хэмээн өгүүлжээ.

Лука Йович “Реал Мадрид”-ын сагсанбөмбөгийн багийн нэгэн тамирчнаас коронавирус илэрсэн мэдээг сонсоод түүний орсон бассейнд орсноо өмнө нь ярьсан байдаг. “Коронавирусийн халдвар авсан тоглогчийн орсон бассейнд би дараа нь орсон. Гэхдээ надад шинж тэмдэг илрээгүй. Бие сайн байна” хэмээн тэр мэдэгдэж байсан юм.

Лука Йович эхнэр хүүхдээ орхин, Софиа Милошевичтой амрагийн харьцаа тогтоосон. Софиа Милошевич өмнө нь хэд хэдэн хөлбөмбөгчтэй амрагийн харьцаатай байснаараа зартай бүсгүй юм.

Р.Гэгээ