Бид тоймлоё, Та унш

2019.04.04 Пүрэв                                                       8°C   2,632.08  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё


Төрийн албан хаагч казино тогловол хариуцлага тооцно

ЗГ төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчдыг мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглолоо. Ингэснээр төрийн албан хаагч, гишүүд, сайд нарын сахилга, хариуцлага нэмэгдэх гэнэ. Уг шийдвэрийн хэрэгжилтийг улирал бүр шалгах ба 6 сарын дотор хэрэгжилт муу байвал хууль санаачлах юм.

Яагаад ийм шийдвэр гаргав?

Төрийн томчууд казино тоглох замаар авлига авч, бусдын нөлөөнд автах болсон гэнэ. Мөн манай улсын өндөр албан тушаалтнууд казинод тоглох явдал дэлхийд дээгүүрт бичигдэж байгааг ОУ-ын хэвлэлүүд онцолсон гэдгийг Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Ямар хариуцлага тооцох вэ?

Төрийн албан хаагч, гишүүд, сайд нар аль нэг улсад казино тоглож буйг иргэд болон хэвлэлийнхэн мэдээлж, тэр нь нотлогдвол албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Төрийн томчууд казинод тоглож байна гэх мэдээлэл их гардаг ба экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЕС У.Хүрэлсүх, ЕС асан С.Баяр, гишүүн С.Жавхлан нар ийм дуулианд нэр холбогдож байсан юм.


Алтыг нь аваад авдрыг нь хаядаг уул уурхай компаниуд

МХЕГ-аас уул уурхайн 281 ААН-д шалгалт хийж 29-ийнх нь үйл ажиллагааг зогсоолоо. Мөн 79 ААН-д шаардлага хүргүүлж, нийт ₮224 саяар торгосон байна. Учир нь ихэнх ААН-үүд бичиг баримтын зөрчлөөс гадна химийн хортой хаягдлыг ялгаагүй, ус ашиглах гэрээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг нийтлэг зөрчилтэй байжээ. Манай улсад  уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 1751 ААН байгаагийн 843 нь үйл ажиллагаа явуулж байна.


Багш нарт илүү цагийн хөлс олгож эхэллээ

ЗГ-аас 40 орчим цаг илүү ажилладаг цэцэрлэгийн багш нарт илүү цагийн мөнгийг бүтэн олгохоор боллоо. Уг мөнгийг салбарын сайдын багцын ₮14.7 тэрбумаас олгох ба ЕБС-ийн багш нарын илүү цагийн хөлсийг өчигдрөөс олгож эхэллээ. Үүнээс гадна багш сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх аливаа арга хэмжээ, яамны зөвшөөрөлгүй тэмцээн уралдаан, олимпиад зохиохыг хориглолоо.


Хятадад iPhone хямдарлаа

Хятадын импортын татвар 4/1-нд буурсантай холбогдуулан Apple тус улсад зарагдах утасныхаа үнийг 3% буурууллаа. Мөн Gucci, Hermes, LV зэрэг брэндүүд Хятад дахь үнээ 3%-р бууруулсан байна. Apple-ын Хятад дахь худалдаа сүүлийн жилүүдэд буурсан нь худалдааны дайнаас гадна Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчдээс шалтгаалжээ. Учир нь Хуавэй, Оппо, Виво, Шиаоми зэрэг компаний утаснууд iPhone-той өрсөлдөхүйц технологитойгоос гадна хямд үнэтэй юм.


Гүүгл цагийн ажилтнуудад боломж олгоно

Гүүгл компани ирэх жилүүдэд цагийн болон гэрээт ажилтнууддаа эрүүл мэндийн цогц даатгал, эцэг эх болсны 3 сарын амралт, цагт багадаа $15 цалин, жилд $5000 нөхөн төлбөр олгох гэнэ. Тус компаний цагийн болон гэрээт ажилтнууд 2018/12 сард компаний ялгаварласан, шударга бус байдлын талаар гүйцэтгэх захиралдаа захидал бичиж, хэд хэдэн удаа жагссан юм.

Таны сонорт


Зүүн аймгийн зарим газраар өнөөдөр хур тунадас, нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр