Бид тоймлоё, Та унш

2018.05.25 Баасан                                            25°C  2,405.95  Эрхтэн хурц болно


Өнөөдөр болох үйл явдал

  • Чуулган хуралдана
  • Үндэсний номын баяр болно

Чухлыг тоймлоё


Халуун ус, саун, бассейнаас нян илэрчээ

Нийт 35 саун, бассейн, халуун усны газарт НМХГ шалгалт хийхэд дийлэнх нь зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулснаас болж чийгшил бохирдол, нянгийн үзүүлэлт өндөр гарсан байна.

Ямар газрууд вэ?

БГД-н усан спорт сургалтын бассейн, Говь бассейн, Соёл сауны чийрэгжүүлэх усан сан, Рамада сауны бассейнууд нянтай гарч, Наран туул, Мишээл ойл, Халиун төгөл ХХК-ны усан бассейнууд хлорын үлдэгдэлтэй байжээ.

Хариуцлага тооцсон уу?

Тийм. 12 ААН, 2 иргэнийг нийт 5,500,000 төгрөгөөр торгосон. Мөн зөрчил илэрсэн бүх газарт сануулга өгч, зөрчлөө даруй арилгахыг даалгавар болгосон байна.

Тойм

Уг нь бассейнууд дотроо шинжилгээний лабораторитой байж тогтмол уснаасаа дээж авч шинжлэх ёстой. Гэтэл шалгалтад хамрагдсан 15 бассейны 70% нь шинжилгээний лабораторигүй байжээ. Тэгэхээр халуун ус, бассейн, саунд орж цэвэрхэн боллоо хэмээн эндүүрч нян биедээ наагаад гардаг байх нь.


Д.Сугарын оронд Ш.Солонгыг томиллоо

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3% нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. Мөн үүрэгт хугацаа нь дууссан Д.Сугар, Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг чөлөөлж оронд нь Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг томилжээ. Эрдэнэтийн 51%-ыг барьцаалсан хэрэгт холбогдсон Д.Сугарыг цэцийн гишүүний бүрэн эрх нь л хамгаалж байсан юм. Тэгвэл одоо түүнийг шалгахад асуудалгүй боллоо.


С.Баярын бие муудаж эмнэлэгт хүргэгдлээ

Өчигдөр ЕС асан С.Баярыг шүүхийн шйидвэрийн эмчийн магадлагаагаар II эмнэлэгт хэвтүүлжээ. Түүний астам хүндэрч, тулай өвчин нь сэдрэн алхаж чадахгүй болсон гэж II эмнэлгийн дарга Г.Баясгалан хэлэв. Одоогоор түүнийг шүүх, цагдаагийн хяналт дор хэнтэй ч уулзуулахгүй байгаа гэнэ.


Кириллээр жиргэдэг хаягууд хаагдах магадлалтай

Твиттэр кирилл үсэг ашигласан хаягуудыг Оросын ЗГ-тай холбоотой гэж үзэн, тэдний эсрэг тэмцэж эхэлжээ. Энэ нь Оросын бот, зөрчил үүсгэгчдийг арилгах зорилготой ба хоморгод нь Болгарчууд өртөн, жиргээ нь харагдахгүй болж, хаяг нь түр хаагдаад байна. Үүнд манай улсын жиргээчид ч өртөхийг үгүйсгэхгүй. Энэ нь 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Орос оролцсон гэх хэргээс үүдэлтэй.


Трамп Ким Жон Унтай уулзахгүй гэлээ

Удирдагчдын уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болохоор товлогдоод байсан ч Трамп уг уулзалтад оролцохгүй гэдгээ Хойд Солонгос руу захидал илгээн мэдэгдлээ. Учир нь Ким Жон Ун саяхны мэдэгдэлдээ Америкийн дэд ерөнхийлөгчийг "бүдүүлэг, тэнэг" гэсэн нь "өдөөн хатлага агуулж байна, маш их уур хүрлээ" хэмээн Трамп захидалдаа дурджээ. Гэхдээ "өөр нэгэн өдөр уулзана гэж найдаж байна" хэмээн Трамп захидалдаа бичсэн гэнэ. Ямартай ч Сингапурын уулзалт ийнхүү цуцлагдлаа.

Таны Сонорт


 Хоолны тогоо нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, цэвэрхэн байх нь цахилгааныг 70% хүртэл хэмнэдэг.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр