Английн цом, Аваргуудын лигийн финал, Европын АШТ-ий финалыг шүүж явсан нэгэн цагийн хамгийн шилдэг шүүгч Марк Клаттенбург өөрийнхөө хамгийн дургүй, зэвүүн таван хөлбөмбөгчийг нэрлэж, ийм тайлбар хэлжээ.

Крейг Беллами энэ тавын нэгд багтана. “Этихад”-ын хонгилд бөмбөлгийг минь атгахад л түүнтэй үргэлж тэрсэлдэж явах юм байна гэдгээ ойлгосон. Бөмбөлөг гэдэг нь хөлбөмбөгийн бөмбөг биш шүү. Ер нь Белламигийн оролцсон тоглолтыг шүүнэ гэдэг шүүгч бүрийн хувьд хар дарсан зүүд. Бүгдээрээ тэгж хэлэх байх. Байнга л дургүйцлээ илэрхийлж, шийдвэр бүртэй чинь маргаж, арсалдана. Хэл яриа гэж тэр чигтээ хараал зүхэл.

Нөгөө нэг нь Рой Кин. 2018 оны ДАШТ-ий үеэр ITV-д бид хоёр хамт ажилласан. Тэгэхэд бол жинхэнэ жентельмэн шиг их эелдэг найрсаг байна лээ. Энэ нь хүн талбайд гарахаараа тэс өөр болдгийн нотолгоо юм. Ройд итгэж огт болохгүй. Нэг мэдэхэд л хэн нэгний хөлийг хугалах юмуу нармайг нь нээчихсэн зогсож байх болно. Альф-Инге Холандыг л яалаа даа. Зориудаар гэмтээсэн шүү дээ. Тэр өөрөө үргэлж мөс шиг хүйтэн байж маш хатуу хандахыг шүүгчдээс шаарддаг. Өөрөө тийм хүн болохоор бусдаас түүнийгээ шаардана. Өдөөн хатгаж байгаад зодоон цохион хийчихнэ. Патрик Виейраг яаж байлаа даа.

Бас нэг тоглогч бол Йенс Леманн. Тэр байнга яншиж, шалчигнаж байдаг. Жижигхэн юм дээр ч заавал ямар нэгэн зүйл яншиж ярьж явдаг өчүүхэн хүмүүсийн нэг. Бөмбөг бөөрөнхий байна гэж хүртэл үглэж яншиж чадна. Хэрвээ бөмбөг цагаан байвал цагаан байна гэж гомдоллоно. Ийм хүнтэй тулахаар “Ёоо, энэнээс салж амрах юмсан” л гэж бодно.

Пепег дурьдахгүй болохгүй. Итгэж болохгүй бас нэгэн. Тоглолтын ялагч ойлгомжтой, бүх зүйл тайван байхад ч тэр хэрэг тарьдгаараа тарина. Бусдыг шоглочих л санаатай. Ийм хүнтэй талбайд хамт байхдаа байнга эрүүл мэндээ бодож, анхааралтай явахгүй болохгүй.

Жон Оби Микелийг би бас энд нэмэрлэмээр байна. 2012 онд “Челси”-“Манчестер Юнайтед”-ын тоглолтын үеэр тэр намайг арьс өнгөөр ялгаварлан доромжилсон гэж дээшээ хошуу өргөсөн хүн. Би ямар ч тийм үг хэлээгүй атал шууд гүжирдсэн. Азаар Хөлбөмбөгийн Холбоо миний буруугүйг бүрэн тогтоож билээ.

Миний амьдралыг нураачих шахсан хэрнээ уучлалт ч гуйгаагүй. Түүнээс болоод нэг хэсэг би бүр ажлаа хийж ч чадахаа больсон. Гэр бүлээ тэжээх ёстой байдаг. Гэтэл надад өөр мэргэжил гээд байх юм үгүй. Шүүгчээр ажиллах гэхээр Микел баахан гүтгэчихсэн. Их хэцүү үе таарсан шүү. Одоо ч гэсэн түүнийг бодохоор хэцүү санагддаг. Рамиресийн хэлсэн үгэнд л итгэчихсэн юм шиг билээ. Гэтэл Рамирес нь англиар ч ярьж чаддаггүй хүн шүү дээ. Хожим “Челси”-гийн тоглогчид надаас уучлалт гуйсан. Харин Микел юу ч хэлэлгүй өнгөрсөн юм даа.

Р.Гэгээ