Английн Премьер лигийн 31 дүгээр тойрогт “Челси” талбайдаа “Манчестер Сити”-г 2:1-ээр хожсноор “Ливерпүүл”-д 30 жилийн дараагаар аваргын болзлоо хангах боломжийг нээж өгсөн. Тус тоглолтын дараагаар Юрген Клопп ийн өгүүлжээ.

“Үнэхээр сайхан байна. Биднийг үргэлж дэмжсээр ирсэн Кенни Далглишт энэ ялалтаа зориулья. Бүтэн 30 жил энэ ялалтыг тэр хүлээсэн шүү дээ. Мөн Стивен Жеррардад зориулья. Залуус маань та нараар бахархаж, түүх нь эрч хүч нэмдэг юм шүү.

Дасгалжуулагчийн хувьд болоод тамирчдын маань хувьд гайхамшигтай амжилт болж байна. Би 30 жил хүлээгээгүй ч гэсэн дөрвөн жил хагасын ажил хөдөлмөрөө үүний төлөө зориулсан. Ялангуяа гурван сар завсарласны дараагаар ийм амжилтад хүрсэн нь улам ч гайхалтай болгож байна.

Фанатууд гэртээ тогтож суухад хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ бид боломжтой үед нь баяраа тэмдэглэх болно” хэмээн Клопп өгүүлжээ.

53 настай Юрген Клоппын хувьд дасгалжуулагчийн замналын 9 дэх цом нь болсон. Үүнээс өмнө тэрбээр “Боруссиа Дортмунд”-тай хоёр удаа /2011, 2012/ Германы аваргаар, Германы цомын аваргаар /2012/, Германы Супер цомын аваргаар /2013, 2014/ тодорсон.

Английн “Ливерпүүл”-ийг удирдаж 2019 онд Аваргуудын лигийн аварга, мөн онд Европын Супер цомын аварга, Клубүүдийн ДАШТ-ий аваргаар тодроод байлаа.

Р.Гэгээ