---Хятадууд импортын хүнсний бараанд Ковид-19 илэрлээ гэдэг нь гадаадад Коронавирус анхлан дэгдсэн гэх ойлголт төрүүлэх гэсэн хуурамч мессеж гэнэ---ДЭМБ нь БНХАУ-ын Засгийн газартай, Коронавирусийн цар тахлын анхны голомт Ухань хотноо арав гаруй улсын вирус судлаачдын бүрэлдэхүүнтэй багийг энэ Нэгдүгээр сард илгээж Ковид-19-ийн гарал үүслийг тогтоох эрдэм шинжилгээний судалгааг хийлгэхээр өнгөрсөн 2020 оны 12-р сард тохирсон. Хятадын тал Ковид-19-ийн халдвар авсан хүмүүс болон амьтдаас авсан сорьцыг бэлтгэсэн байх үүрэг хүлээсэн юм.

Урьдчилж тохиролцсон ёсоор ДЭМБ-ын шинжээчдийн баг мягмар гарагт Хятад руу зорчих гэтэл тус улс хүлээж авахаас татгалзаж, судлаач эрдэмтдийг хилээр оруулахгүй гэдгээ мэдэгджээ. Тухайн үед шинжээчдийн багийнхнаас хоёр нь Бээжинг зорьж аян замдаа гарсан байсан бөгөөд бусад нь хөдлөхөд яг бэлэн болсон байжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебресиесус сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Хятадын эрх баригчид шинжээчдийн багийг тус улсад нэвтрэх зөвшөөрлийг өгөхгүй гэдэг байр суурьтаа хэвээр байгааг бид өнөөдөр мэдлээ. Үүнд маш харамсаж байна” гэж ярьжээ. Харин ДЭМБ-ын онцгой байдлын газрын дарга Майкл Райан тэргүүнийхээ тайлбарыг ялимгүй зөөллөж “Шинжээчдийн багийг Хятад руу оруулахгүй гэсэн нь визтэй холбоотой гэж үзэж байна. Болж буй нөхцөл байдал ойрын үед шийдэж болох хүнд сурталтай холбоотой багахан саад гэдэгт найдаж байна” хэмээн ярьжээ.

Хятадын эрх баригчид төрийн мэдлийн хэвлэлээрээ дамжуулан Коронавирус нь Ухань хотод л анхлан илэрсэн болохоос хилийн чанадаас гаралтай гэдэг ойлголтыг нийтэд түгээж байгаа гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид онцлон сануулж байгаа юм. Тэдний яриагаар бол, Хятадууд гадаадаас импортолж буй хүнсний бараанд Ковид-19 илэрлээ гэж удаа дараа үнэмшилгүй мэдээ цацаж байгаа нь үүний нэг тодорхой жишээ гэнэ.

 

Эх сурвалж: udriintoim.mn Б.Цагаанбанди