Өнгөрсөн оны 10-р сарын зургаанд дэлхий дахины анхаарлыг татсан UFC-н домогт хоёр тамирчны тулаан болсон юм.

Энэ тулаанд Ирландын тулаанч Конор Макгегор Дагестан эр Хабиб Нурмагомедовтой тулалдан ялагдсан билээ. Харин тулааны дараа хоёр тамирчин дэвжээний гадна болон дотор дүрэмгүй зодоон өрнүүлж, багагүй үймээн дэгдээсэн юм.

Иймээс хоёр тулаанч хоёулаа шийтгэл хүлээх нь зүйтэй гэж үзэн шүүхээс Хабибыг есөн сар дэвжээнд гарах эрхийг хасаж,  500 мянган долларын торгууль тавьжээ.

Харин Конор МакГрегор зургаан сар тулалдах эрхээ хасуулж, 50 мянган долларын торгууль төлөхөөр болжээ.

Болсон үйл явдлыг сануулахад, тулаан эхлэхээс өмнө Конор Макгегор Хабибыг хэл амаар доромжлох, хэвлэлээр өдөх зэргээр сэтгэл зүйн дайралт хийсэн юм.

Харин тулаанд ялалт авсан Хабиб үүнийг үл тэсвэрлэж, ялалтынхаа дараа тэр тор даван үсэрч, Конорын дасгалжуулагч Диллон Дэнистэй зодолдсон нь олныг хамарсан зодооны эхлэл болсон юм.

Мөн Хабибын багийн гурван нөхөр Конортой торон дотор зодоон үүсгэсэн билээ. Конорын дээрх үйлдлүүд ердөө шоу бизнес байсан бөгөөд түүний энэхүү үйлдлүүд UFC холбооны орлогыг нэмэгдүүлж байдаг гэхэд хилстэхгүй.