Хятадын Уханиас эхэлсэн коронавирус цар тахлын аюул эхлээд голомт болсон улсыг нэрвэж дараагаар Иран, Япон, Өмнөд Солонгос, залгаад Итали, Испани, Франц тэгээд Их Британи, ОХУ-ыг нөмөрч, олон мянган хүний амийг авч одсон бол одоо Өмнөд Америкт ялангуяа Бразил улс сүүлийн хэдэн хоногуудад олон мянган иргэнээ алдаж, халдвар авагсдын тоо цаг хормоор өсч байна.

Бразил улс одоогоор коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоогоор АНУ, ОХУ-ын ард буюу гуравт бичигдэж эхэллээ. Тавдугаар сарын 20-ны байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо 272 мянгад хүрч, нас барагсдын тоо 17983 гэж бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр зөвхөн тавдугаар сарын 20-нд л гэхэд 1179 хүн коронавирусийн халдвараар нас баржээ.

Олон улсын шинжээчид Бразилын төр засгийг бодит тоог нуух юмуу эсвэл бүрэн мэдэхгүй байж магадгүй хэмээн таамаглаж, төр засгийн мэдээлж буй тооноос 15 дахин их байхыг ч үгүйсгэсэнгүй.

Бразил дахь цар тахлын голомт нь Сан-Паулу муж болжээ. Албан ёсны баримтаар бол 66 мянган хүн халдвар авсан гэнэ. Үүний дараагаар Сеара, Рио-де-Жанейро бичигдэж байна.

“Зах хязгааргүй эмч нар” байгууллагын Бразил дахь салбарын тэргүүн Ана де Лемосын хэлснээр бол Өмнөд Америк тэр аяараа цар тахлын голомт болж, ойрын саруудад олон мянган хүн нас барах магадлалтай болжээ.

Өмнөд Америкийн улс орнуудаас Бразилын дараагаар Перугийн байдал түгшүүртэй болж ирлээ. Энэ улсад одоогоор 100 мянга орчим хүн халдвар авч, 2914 хүн нас бараад байна. Хэдийгээр Перу улс Бразил шиг хайнга назгай хандалгүй, цар тахлыг хазаарлахаар хатуу журмын дагуу ажилласан ч нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдсээр байна.

Elderly residents listen to music as soldiers in full protection gear against COVID-19, arrive to disinfect the Complex Stella Maris shelter for the elderly in Rio de Janeiro, Brazil, Thursday, May 14, 2020. Soldiers disinfected the shelter in an attempt to control the spread of the new coronavirus among the elderly who are part of the group considered more vulnerable or at risk of being infected. (AP Photo/Silvia Izquierdo)

Мөн Мексикт 54 мянга гаруй хүн халдвар авч, 5666 хүн нас барсныг бүртгэжээ. Үүний дараагаар Чили, Эквадор бичигдэж байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар бол эдгээр улсын төр засаг цар тахлыг ойрын хугацаанд хазаарлаж зогсоох чадалгүй байгаа гэнэ. Европын улс орнуудыг бодвол ядуу буурай улс олонтой Өмнөд Америкт цар тахлаар үхэгсдийн тоо болон эдийн засгийн хохирол илүү хүнд тусах магадлалтайг ч шинжээчид цохон тэмдэглэжээ.

Өмнөд Америкт нөхцөл байдал хүндэрч эхэлсэн тул Бразилаас ирсэн хүмүүсийг хилийн дээсээ алхуулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдээд амжлаа.  “Тэндээс халдвар тээгсэд ирж манай иргэдэд халдвар тараагаасай гэж би хүсэхгүй байна. Манай улс оронд өвчтэй хүн ирээсэй гэж хэн ч хүсэхгүй биз ээ” гэж Дональд Трамп мэдэгджээ.

Р.Гэгээ