ТЕГ-аас гаргасан мэдээлэлд улс орны эрдэмтэд коронавирусыг өөр өөрийн хэмжээнд судалж үр дүнгээ танилцуулж байгаа тухай өгүүлжээ.  Дэлхийн эрдэмтэн, судлаачид эмч нар ямар судалгаа шинжилгээ явуулж, ямар үр дүнг танилцуулж байгааг тоймлон хүргэж байна.

 

-Герман, Швейцарийн эрдэмтэд коронавирус нь “SARS”, “MERS”-тэй харьцуулахад спиртэнд тэсвэргүй бөгөөд 30 болон түүнээс дээш хувийн этанолын уусмалд устдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Судлаачид энэхүү туршилтыг лабораторийн нөхцөлд хийсэн тул иргэд согтууруулах ундааг ариутгалын журмаар хэрэглэж болохгүй хэмээн анхааруулж байна.

 

-АНУ-ын Хүнсний болон эмнэлгийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар “Cepheid Inc” компанийн бүтээсэн 45 минутын дотор вирусийн халдварыг тодорхойлох чадвартай түргэвчилсэн оношлуурыг баталсан тул энэ долоо хоногоос үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

 

-Италид ажиллаж байгаа Хятадын Улаан загалмай байгууллагын дэд Ерөнхийлөгч Сун Шоупэн “Вирусын тархалтыг тогтоон барихын тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай, одоогийн энэ нөхцөл байдал хоёр сарын өмнөх Ухань хотынхтой ижил байна, Милан хотод одоо ч нийтийн тээвэр ажиллаж, хүмүүс чөлөөтэй зорчиж, маск зүүхгүй, тэр ч бүү хэл зочид буудалд үдэшлэг, оройн хоолны арга хэмжээ болсоор байна. Эдийн засгийн бүх үйл ажиллагаа болон хүний үйл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гэрт нь байлгах шаардлагатай” гэв.

 

-Итали Улсад өвчтөний амь насыг аврахад нэн шаардлагатай техник, багаж хэрэгсэл хангалтгүй байгаа нь тус улсад улмаас нас барж буй иргэдийн тоо өндөр байхад нөлөөлж байна гэж Хятадын эрдэмтэд үзэж байна.

 

-ОХУ-д ашиглаж буй оношлуурын мэдрэг чанар нь 1 мл литрт 105 плазмид байгаа тохиолдолд өвчнийг оношлох чадвартай бөгөөд вирус хангалттай түвшинд агуулагдаагүй бол илрүүлж чадахгүй байна.

 

-ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин тус улс зургаан төрлийн вакцин бүтээж байгаа бөгөөд ойрын хугацаанд туршилт дуусна гэж мэдэгдэв. Мөн тус улсын мэргэжилтнүүд дөрөвдүгээр сарын дундуур халдварын тархалт намжина гэж үзэж байгаа аж.

 

-БНХАУ-ын Гуанжоугийн Анагаахын их сургууль болон Хонгконгийн Их сургуулийн судлаачид “Covid-19”-ийн халдвар авсан хүнд өвчний шинж тэмдэг илрэхээс 2,5 өдрийн өмнө бусдад халдвар тараадаг гэх дүгнэлтийг гаргасан байна. Мөн халдвар авсан нийт иргэдийн 44 хувь нь бусдаас энэ үед нь халдвар авсан байх магадлалтай гэсэн байна.

 

-БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр Хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол анхаарлыг коронавирусийн судалгаанд хандуулсан бөгөөд вирусийн халдвар авах, хурдан илрүүлэх, эмийн бүтээгдэхүүн, вакцин, загвар бүтээх, хөгжүүлэлт, эсрэг биеийн судалгаа, боловсруулалт зэрэг ажил үр дүнд хүрчээ. Ингэснээр вирусийг 2 цагийн дотор баталгаатай илрүүлэх оношлуурыг амжилттай туршиж, хэд хэдэн вакцин амжилттай гарган авч, клиник туршилт явуулж байгаа аж.

 

-Хятадын Үндэсний уламжлалт эмийн удирдлагын газраас гуравдугаар сарын 18-ны өдөр уламжлалт эмчилгээний хоргүйжүүлэх үрлийг эмнэлзүйн туршилтад оруулсны дараа коронавирусын эмчилгээнд зөвшөөрөгдсөн анхны уламжлалт эмээр батламжилсан байна. Тус эм вирус устгах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй гэжээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр