Энэ зун Токио хотноо болох байсан зуны XXXII наадам Ковид-19-өөс үүдэж бүтэн жилээр хойшилж ирэх 2021 оны VII.24-VIII.9-нд зохиогдохоор товлогдсон. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэдхэн хоногийн өмнө Токиогийн олимпыг дахиж хугацааг нь хойшлуулах, зохион байгуулах газрыг нь өөрчлөхгүй гэдгээ хэлсэн. Мөн Японы Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Сейко Хашимото даян дэлхийд коронавирус дарагдсан ч, эс дарагдсан ч олимпын наадам хугацаандаа болно гэж мэдэгдсэн. Зохион байгуулагч япончууд зардлыг  бууруулах, наадмын хэлбэрийг хялбаршуулах, эрүүл ахуйн аюулгүй орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Маргааш IX.16-нд  албан ёсоор гүйцэтгэх засаглалын тэргүүний ажлаа  хүлээж авах Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад  коронавирусийн цар тахлын үед Олимпын наадмыг амжилттай зохион байгуулж дэлхийд гуравт эрэмбэлэгддэг хүчирхэг эдийн засагтай Япон улсын нэр хүндийг унагахгүй авч үлдэх хүнд үүрэг ногдож байна. XXXII олимпын наадмаас хамаарч тэрбээр алдар гавьяагаараа хойшид дурсагдах уу, эсвэл алдаа онооны бай болон адлагдах уу гэдэг хүнд сорилтын өмнө зогсох болох нь ээ.