“Эрүүл биед саруул ухаан орших учраас “Япон 2020”-ыг хойшлууллаа.

Японд энэ зун болох байсан олимпын наадам “Япон 2020”-ыг коронавирусын цар тахлаас сэргийлж ирэх 2021 онд зохиохоор бүтэн жилээр хойшлууллаа. Зохион байгуулагч япончууд олимпын наадмын нэршлийг “Япон 2021” гэж өөрчлөхгүй гэж мэдэгдлээ. 1896 онд анхныхыг нь зохион явуулсан орчин цагийн Олимпын наадам дөрвөн жил тутам болдог хуваарьтай. Харин Дэлхийн I дайн гарснаас үүдэж 1916 онд,  II дайн гарснаас болж 1940, 1944 оныхыг өнжиж байсан.

Орчин цагийн олимп нь спортын наадам юм. Түүхэн сурвалжаас эхлэлийг нь хөөвөл эртний Грект дөрвөн жил тутам болдог байсан спорт, хөгжим, утга зохиолын Панхэллэникийн баяр наадам. Грекчүүд энэхүү баяр наадмаа Олимп ууландаа Нийтийн тооллын өмнөх 776-394 оны хооронд 293 удаа зохион явуулсан байдаг. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн мэргэн үг тухайн үеийн олимпын наадмын гол үзэл санааны уриа дуудлага байжээ. НТӨ тав, дөрвөн зууны үеэс ромчууд хүчирхэгжин эртний Грекийн нутаг дэвсгэрийг эзлэн өөрсдийн хараат улс болгож, эцэстээ Христийн шашныг төрийн албан ёсных гэж зарлан олон бурханд тахилга өргөдөг грекчүүдэд нь зөвхөн Ертөнцийн эзнийг шүтэн бишрэхийг тулган хүлээлгэжээ. Эцэстээ Нэгдсэн Ромын төрийг НТӨ 395-379 онд захирч байсан, эзэн хаан Федосий (МТӨ 395-346) нь олимпын наадмыг шашин шүтлэгийн өнцгөөс харж МТӨ 394 онд зогсоох зарлиг гаргасан байна.