Nirvana хамтлагийн дуучин Курт Кобэйний 1993 онд MTV Unplugged In New York-д оролцохдоо дарсан гитарыг дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдааны анхны үнэ нь 1 сая ам.доллар байсан гэнэ.

Julien`s Auctions-оос “6 010 000 ам.доллараар зарагдлаа! Гитарын түүхэн дэх хамгийн дээд үнэ” хэмээн мэдээлсэн байна. Энэхүү гитараар Курт Кобэйн шууд амьд тоглолтод тоглосон бөгөөд таван сарын дараагаар нас барсан юм.


Үүнээс өмнө дэлхийн хамгийн үнэтэй гитар нь Pink Floyd-ийн Дэвид Гилморын Dark Side of the Moon цомогтоо дарсан гитар байлаа. Тус гитарыг Christie`s-ийн дуудлага худалдаагаар 3.95 сая ам.доллараар худалдаж байв.

Курт Кобэйн 27 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний цогцсыг 1994 оны дөрөвдүгээр сарын 8-нд гэрээс нь олсон бөгөөд чамархайдаа буу тулган буудаж амиа хорлосон гэж үздэг. Мөн хэн нэгэн амийг нь хөнөөсөн ч байж магадгүй гэх таамаглал байдаг юм.

Р.Гэгээ