ЗГХЭГ-ын дарга л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлага өнөөдрийн Өдрийн сонины дугаарт нийтлэгджээ. Тус ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • 2019 он бүхэлдээ намайг ажил хэргийн орчноос харуулсан он болсон. Жагсаал хийгээд л, тэмцэл хийгээд л... Их Хурлын даргаа огцруулаад л... Үнэхээр ч том том том зүйлүүд болж өнгөрлөө. “Эрдэнэт” үйлдвэр гээд л... За, тэгээд хууль хяналтын байгууллагуудын өөрчлөлт шинэчлэлийн асуудлууд руу ч орлоо. Хувь хүмүүстэй ч багагүй зөрчилдсөн асуудлууд гарлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн том процесс явлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах боллоо. Нэг талаасаа албан тушаалын төлөө байсан юм шиг ч ойлгогдсон байж магадгүй.
  • Ерөнхий сайдад зодуулсан гэнээ гээд л... Хордлого хөл рүү ороод байхдаа яадаг юм гээд л...нөгөө ард түмний хайртай хүү маань дороо л бараг нийгмийн заналт дайсан болсон юм байх.
  • Өнөөдрийн Оюун-Эрдэнээс юу ч өөрчлөгдөөгүй. Тэр үед би хүмүүсийг уриалж байсан. Энэ үед би өөрөө хийх гээд энэ тал талаас ассан галан дундуур явж байгаа ийм л ялгаа харагдах байх. Харин ч би миний бодол зөв байжээ гэж үргэлж бодож явдаг.
  • Шулуухан хэлэхэд үе үеийн Ерөнхийлөгчийн алдаа. Шүүх засаглал гэж байхгүй харин шүүх засаглалыг ерөнхийлөгч нэртэй хувь хүн удирддаг болсон. Энэнээсээ болоод авлигалд идэгдэж, далд эдийн засаг үүсч байна. Далд эдийн засаг байгаа нөхцөлд хэзээ ч иргэд рүү боломж шууд очихгүй. Ингээд яваад байвал хичнээн их баялгаа бид гаргаж ашиглалаа гээд улс орон маань хөгжихгүй байна гэж бичиж байсан.
  • Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа энэ нөхцөл байдал давтагдсан л даа. Би бол маш хурдан өөрчлөгдөх болов уу гэж бодсон. Уг ньмаш их итгэж хүлээсэн. Ингээд эндээс л миний хувь хүнийг муухай харагдуулсан зөрчил эхэлсэн л дээ. Тэр нь юу гэхээр М.Энхболд дарга Их Хурлын дарга болохоос эхэлсэн гэсэн үг.
  • Сонгуулиар ядраад унтаад өгчихсөн байсан. Өглөө 65 суудал авчихсан байсан. Том савалт явсан нь ер нь ойлгомжтой байсан л даа. Үнэндээ Ардчилсан намын өөрийн алдаанаас болсон гэсэн үг.
  • Тэр “Стандарт” банкных нь өрийг 49 хувийг худалдаж авсан нөхдүүд маань бас авах төлөвлөгөөтэй байсан. Бүр нотариатаар батлуулаад гэрээ байгуулагдаад Сингапурын оффшор компани болгосон байсан. Ингээд л онцгой дэглэм тогтоохоос өөр гарцгүй болсон л доо.
  • Ашиг олохын төлөө явж болноо. Гэхдээ нэг хэдхэн зүйлийг тойрч болноо доо. Их тэнгэр гэхэд одоо ч гэрчилгээ байдаггүй шүү дээ. Ерөнхий сайд байсан хүн нь төрийн тусгай хамгаалалтын газраа дүүдээ өгөөд буудал барих шийдвэр гаргачиж болох уу?
  • Ирээдүйгээ ярихад бухимдах шалтгаан шинэ үед байхгүй. Алсын хараа гэдэг ойлголтоор нийгэмд тэр дундаа залуусын дунд хэлэлцүүлэг өрнөж байгааг хараад маш их урам авсан. Бид ирээдүйг ярьдаг соёлд суралцаж байна.
  • Хотын фракцийн маань гол толгой удирдлагууд Ардчилсан намын доторх МҮДН фракцтай нэг хэтэвчинд орчихсон. Нөгөө дээр дурьдагддаг олон арилжааны эхлэл сэжүүр үүнтэй холбоотой. Тэгэхээр намаа хагалсан хүмүүс нь бид биш гэсэн үг.
  • М.Энхболд дарга маань УИХ-д 65 суудал авч орж ирсэн ч үндсэндээ энэ бүлэглэлийн талд л явсан. Э.Бат-Үүл яагаад ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээгүй, яагаад Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болсон, яагаад Б.Хурц ирж гэрлийн хурдаар дээш дэвшсэн, яагаад Т. Бадамжунай бүхнийг мэддэг далд ноёнтон болсон, яагаад Н. Алтанхуягийн Засаг унасан, яагаад Ч. Сайханбилэг Н. Алтанхуягийн ХЭГ-ын дарга нь байсан мөртлөө Ерөнхий сайд болсон, яагаад Дубайн гэрээ хийгдсэн, яагаад “Эрдэнэт” -ийн 49 хувийн асуудал явсан, яагаад М. Энхболд Улсын Их Хурлын дарга болсон, яагаад Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон, яагаад НАМЗХ гэдэг байгууллагын дотоод жижиг асуудалд хүртэл Ерөнхий прокурор оролцох болов? Энэ бүхнийг нам биш энэ бүлэг хүмүүс зохион байгуулсан юм гэдэг нь ил болж байгаа.
  • Ц.Сандуй ирж нэг уулзъя гэлээ. За, ингээд америкт ирж Ц.Сандуй маань уулзлаа. Нийслэлийн намын хорооны дарга шүү дээ. Ярилцлаа. Хэдэн мөнгөтэй нөхдүүд намын даргын эргэн тойронд гарч суучихаад, М.Энхболд даргыг асар хүнд байдалд оруулж байна гээд гол толгойлогчдыг нэрлэлээ. Намын дарга бол яагаад ч одоо бууж өгч болохгүй гэж байна шүү гэдэг юм.
  • Н.Энхбаярын үед нэг хагарсан залуучуудын холбоо, М. Энхболдын үед хоёрдахь удаагаа хагарсан. Хотын фракц анх удаа зүгээр байгаа залуучуудын асуудал дээгүүр хил даван орж ирсэн.
  • Х.Баттулга нам дотроосоо гараад ирлээ. Би намын удирдлагуудтай уулзаад хэлж байсан юм. За, Х.Баттулга гэдэг хүнийг бол би мэдэхгүй ээ. Гэхдээ Баатар гэж хүн байна, тийм үү. Миний төрсөн ах. Энэ тохиолдолд надад хүнд нөхцөл байдал үүснэ. Маш их хэмжээний хардалт явна. Хоёрдугаарт, аль нэг ялагдсан тал нь нөгөө талдаа гомдоно. Х.Баттулга ялагдвал Баатарт маш их гомдоно. Яагаад гэхээр Л.Оюун-Эрдэнээс болж гэнэ. М.Энхболд ялагдвал Л.Оюун-Эрдэнэд гомдоно. Яагаад гэхээр Баатараас болж гэнэ.
  • С.Баяр дарга, М.Энхболд дарга, генсек гурав дуудаж байна. М.Энхболд даргын өрөөнд уулзлаа. “За, Л.Оюун-Эрдэнэ минь цахим гэж нэг юмыг хариуцах хүн байдаггүй ээ. Нөгөө Х.Баттулга гэдэг хүн бол цахимын од хүн юм гэнээ. Манай М.Энхболд дарга маань Фэйсбүүк хаяг ч байхгүй. Ийм нөхцөл байдал дунд орчихоод байна.
  • ЖДҮ-тэй холбогдсон юм надад бол байхгүй ээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг нэр гарч ирээд олон хүн баярласан юм шиг байгаа юм. Даан ч тэр нь эмэгтэй амьдаа маань болж таарсан байх.
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга битгий хэл. Төрийн гурван өндөрлөг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өрөөнд хоорондоо бичгээр дамжуулан юм ярьж байсан цаг саяхан байсан юм ш дээ.
  • Бид нар нам дотроо 60 тэрбум гэж бөөн юм боллоо. Гэтэл одоо дахиад Ардчилсан нам маань 100 сая төгрөгийн асуудал гаргаад ирлээ. 100 саяыг намдаа өгч байж нэр дэвшинэ. За, саяхан С. Эрдэнэ дарга гэрээгээ бүтэн уншиж байгаа бичлэг задарлаа. Улсын Их Хуралд дэвшээгүй хүмүүстээ улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ чинь нөгөө л 60 тэрбумын схем шүү дээ. Гэхдээ бүр гэрээтэй.
  • Ер нь бол Г.Занданшатар даргыг Их Хурлын дарга болно гэж бид нар яг үнэндээ төсөөлөөгүй л дээ. Нөхцөл байдал тийшээ хөтөлсөн. Одоо бодоход зөв шийдвэр байжээ гэж би дүгнэж байгаа. Ялангуяа энэ Үндсэн Хуулийн өөрчлөлтийн дараа миний ойлголт улам батажсан.
  • Миний хувьд У. Хүрэлсүх гэж хүн хоёр том давуу талтай. Нэг нь бол хувийн шунал багатай хүн. Энэ бол үнэндээ ямар ч эрдэм боловсролоос илүү эрхэм дээд зүйл юм. Ялангуяа өнөөдрийн цагт. Хоёрдугаарт, У. Хүрэлсүх бол зоригтой шийдвэр гаргаж чаддаг хүн. Та бол юмыг тайзан дээрээс үзэж байгаа. Харин Хэрэг эрхлэх газрын дарга бол тэр хүнийг хөшигний араас үзэж байдаг.
  • Д.Гантулгын хувьд бол миний олон жилийн өмнөөс таньдаг хуурайдүү маань. Д.Гантулгад авах сайн чанарууд олон байдаг. Алдаатай зүйл ч бий. Жишээ нь архи. Д.Гантулгыг их хурлын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзээд шалгуул. Буруу зөвөө тогтоолго гэж би зөвлөж байсан. Саяхан надтай ах дүү нар нь орж ирж уулзаад Оюун-Эрдэнээ чиний ярьдаг шударга ёс Д. Гантулга дээр л үйлчиллээ дээ. Бусад нь хаана байна гэсэн.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ