Дэлхийн мэргэжлийн боксын түүхэнд хамгийн залуудаа дөрвөн Холбооны бүсийг бүгдийг нь зүүсэн Төмөр хочит Майк Тайсоны намтраас сэдэвлэсэн уран сайхны киног нэрт найруулагч Мартин Скорсезе бүтээхээр болжээ. Зургаан жилийн өмнө Скорсезе Тайсоны намтраар кино хийнэ гэж амлалт өгч, гол дүрд Жэйми Фоксыг сонгосноо зарласан ч өнөөг хүртэл ажил нь эхлээгүй яваа юм.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Марк Бирнбаумын ярилцлагад уригдан оролцохдоо  “Түүхэн хүний намтраар кино хийнэ гэдэг амаргүй ажил. Заримдаа бүр 20 жил ч шаардагддаг л юм. Гэхдээ бид ямар ч байсан амжилттай сайн кино хийж чаддаг. Майкийг ид ирэн дээрээ байхад хамт наргиж цэнгэж л явлаа. Мөн түүний замнал уруудан доройтож, унтрахыг ч харсан. Кинонд энэ бүх агшин хормууд багтах болно” хэмээн Скорсезе өгүүлжээ.

Гол дүрд Жэйми Фокс тоглох хэвээрээ гэнэ. Тэрбээр кино зохиол бараг дуусч, зураг авалт мөдхөн эхэлж магадгүй тухай мэдээг дуулаад өдөртөө 100 удаа тогтмол суниах болсон гэнэ. Жэйми Фокс өмнө нь мэргэжлийн боксын өөр нэгэн домог болох Мохаммед Алигийн тухай кинонд дасгалжуулагч Дрю Брауны туслахын дүрийг бүтээсэн туршлагатай.

Харин Мартин Скорсезегийн хувьд 40 жилийн өмнө мэргэжлийн боксын дунд жингийн дэлхийн аварга Жейк ЛаМоттагийн тухай Raging Bull киног бүтээсэн нь кино урлагийн түүхэн дэх сод бүтээлд тооцогддог юм.

Тус кинонд Жейк ЛаМоттагийн дүрийг Роберт Де Ниро бүтээсэн бөгөөд кинонд тулаан гэхээсээ зан авир, гэр бүлийн харилцааных нь талаар голцуу өгүүлсэн юм. Тиймээс адармаатай мөн сонирхолтой амьдралтай Майк Тайсоны тухай киног Мартин Скорсезе боксчны талаас нь бус хувь хүнийх нь талаас бүтээж, амжилт олно гэсэн найдлага байгаа ажээ.

Р.Гэгээ