Дуучин, жүжигчин Майли Сайрус Variety-гийн The Big Ticket подкастад ярилцлага өгөхдөө “Цар тахлын талаар та ямар бодолтой байна вэ? Илүү сайжрахын талд та юу хийсэн бэ? Ер нь таны ажил хэрэг ямархуу байна?” гэсэн асуултуудад хариулахынхаа өмнө бяцхан мэдэгдэл хийжээ.

“Сүүлийн дөрвөн сарын хугацаанд би хоёр л удаа үсээ угаалаа. Таньтай ярилцахын өмнө угаасан. Түүнээс өмнө Элтон Жоны онлайн-концертийн өмнөхөн нэг угаасан” гэж Майли Сайрус өгүүлжээ.

Сайрус сүүлийн дөрвөн сар үсээ угаалгүй зөнд нь орхисон ч харин бие организмаа эрүүл саруул байлгах тал дээр их хичээсэн гэнэ. Тухайлбал, зургаан сар согтууруулах ундааны төрлийн зүйл огт амсаагүй ажээ.

“Сүүлийн жил орчмын хугацаанд би эрүүл амьдралын хэв маяг, илүү сайжирч хөгжихийн төлөө бодож зүтгэдэг болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хагалгаанд орсныхоо дараагаар ярьж ч чадахгүй байлаа. Ярьж чадахгүй болохоороо баахан зурвас бичиж, тэндээ багтарч үхэх шахсан. Гэхдээ тэр хэцүү хоногууд намайг тайван байхад сургасан.

Эхэндээ ч хагалгаанд орсон болохоороо л уугаагүй юм. Гэвч сүүлийн хагас жил ууж мансуурахыг хүсэхээ больж, эрүүл байхын сайхныг мэдэрч эхэлсэн. Ээжийнхээ тухай их боддог боллоо. Ээжийг минь үрчилж авсан юм. Хаягдсан гологдсон мэт бодол төрж, өөрийгөө хайрлуулахаар хэмжээний хүн гэдгийг нотлохын тулд ээж минь ямар их хичээсэн бол гэж бодсон. Гэтэл бас аавыг гурван настайд эцэг эх нь салчихсан юм билээ. Ингээд л би гэр бүлийнхээ түүх, үйл явдлуудыг судалж эхэлсэн. Янз бүрийн хамаарал, эрүүл мэндийн байдал гээд зөндөө л зүйл бий. “Яагаад би ийм юм бэ?” гэдгээ удмаасаа олж харж ойлгохыг хүссэн. Өнгөрснөө бодохоор би илүү сайн хүн болох ёстойгоо ч ойлгосон.

Өсвөр насандаа “Чи уухгүй бол хөгжилдөхгүй” гэсэн ойлголттой байжээ. Тиймээс “Намайг хэн ч гэж дуудаж болно. Гэхдээ би хөгжилдөж наргиж чаддаг шүү” гэж хүмүүст харуулахыг хүсдэг байлаа. Одоо бодол өглөө цоо эрүүл сэрэхийн сайхныг мэдэрч байна. Шартаж сэрмээргүй байна. Шинэ өдрөө ихийг бүтээхээр эрүүл саруул сэрэхийг би хүсдэг болсон” хэмээн Майли Сайрус өгүүлжээ.

Р.Гэгээ