Уолт Диснейн бүтээл, мөдхөн онлайнаар нээлтийг нь хийх гэж байгаа “Мулан” киног дэлгэцнээ гаргахгүй хаахыг уриалсан хүмүүсийн давалгаа сошиал ертөнцийг хөдөлгөөнд орууллаа. Киноны гол дүрд тоглосон Хятад гаралтай Америкийн жүжигчин Лю Йифэй өнгөрсөн онд манай өмнөд хөршийн нийгмийн сүлжээ Weibo-гоор “Би Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна...Хонконгод ямар ичгүүртэй вэ” гэж байр сууриа илэрхийлсэн нь шуугиан тарьсан юм. Ялтан шилжүүлэх тухай хуульд засгийн газраас санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцсэн хөдөлгөөн Хонконгод 2019 оны зургаадугаар сараас өндрөө авч дунджаар жагсагчид долоо хоног бүр нэг удаа цагдаа нартай халз “тулалдаж”, тэдэнд зодуулж, улмаар баривчлагдан саатуулагдах болсон. Өнгөрсөн жил ардчиллын төлөө тус аралд өрнөсөн “шүхрийн хувьсгал”-ыг удирдсан Жошуа Вонг тэргүүлэн Хонконг дахь иргэний эрхийн төлөө тэмцэгчдийг тарааж байгаа цагдаагийн үйл ажиллагааг дэмжигч жүжигчин эмэгтэй гол дүрд нь тоглосон “Мулан” киног хаахыг уриалж байна. Дашрамд дурдахад гол дүрүүдийн жүжиглэхэд амь насанд нь хамгийн их эрсдэлтэй хэсэгт моринд шаламгай манай монгол хоёр залуу орлон тоглогчоор ажилласан.