Манай улс  Коронавирусийн эсрэг вакцин авахаар одоогоор Дэлхийн банкнаас 50 сая ам.доллар босгосон байгаа. Эхний ээлжид хамгийн эрсдэлтэй нөхцөлд  ажиллаж амьдарч буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа зэрэг салбарын  640000 хүнд хийх тус бүрийн хоёр тун бүхий 640000 тооны нэгж вакцин авах урьдчилсан хэлцлээ хийжээ.  Тодорхой хугацааны зайтайгаар хоёр удаа тунгаар тарих нэг нэгж вакцин нь 4 ам.доллар үнэтэй. Эхний ээлжийнхэнд вакцин худалдаж авахад 640000 х4 =25 сая 600000 долларыг зарцуулна. Хоёр дахь буюу сүүлчийн ээлжид  дахин 640000 хүнд хоёр тун хийх, тус бүр нь 5 долларын үнэтэй вакцин авах юм байна. Үүнд  640000 х5 =32 сая доллар гаргана.

Дэлхийн жишгээс харахад Словак тэргүүтэй ихэнх улс орон Ковид-19-ийн халдвар авсан эсэх оношилгоо шинжилгээнд бүх иргэнээ хамруулах ажлыг зохион байгуулж байна. Харин дэлхийн улс орнууд  нэгэнт вакцин гарвал хүн амынхаа 20-40 хувьд нь хийнэ, үүнээс илүү тооны иргэдээ хамруулахгүй гэдгээ урьдчилан зарласан.

Манай улс ч олон улсын чиг хандлагыг дагаж хүн амынхаа 40 хувийг вакцинжуулна, харин бусад 60 хувь буюу хүүхэд багачууддаа Коронавирусийн вакциныг хийхгүй гэсэн хазайхгүй зорилго барьж буй гэнэ.

Дашрамд сонирхуулахад, шинээр вакцин гаргаж авах эрдэм шинжилгээний ажилд бүтэн 12 жил шаардлагатай. Гэтэл өнөө цагт Коронавирусийн эсрэг вакциныг ОХУ-ын эрдэмтэд (“Спутник”, “ЭпиВакКорона”), мөн олон улсын эмийн “BioNTech ба Pfizer”, “Moderna”, “CureVac”, “AstraZeneca”, “Sanofi-GSK”, “Janssen Pharmaceuticalica NV" компани хоёр жил хүрэхгүй хугацаанд гаргаж авч чадсан шалтгаан нь өмнө гаргасан вакциныхаа үйлчлэлийг өөрчилсөн эрдэм шинжилгээний суурь туршилтад оршино. Өөрөөр хэлбэл, нэгэнт урьд нь гаргаж авсан Хумхаа өвчин, Эбола болон бусад вирусийн эсрэг вакцинаа Коронавирусийн эсрэг вакцин болгон өөрчилсөн байна. Одоо ДЭМБ-аас эдгээр вакциныг олон улсын хэмжээнд хэрэглэх зөвшөөрөл өгөх “ажил” л үлдлээ. Энэ “ажил” нь тус байгууллагаас шинэ вакцинууд нь Коронавирусийн цар тахлыг хүнтөрөлхтөн ялахад хэр үр дүнтэй зэвсэг вэ гэдгийг тогтоож, эцэслэн зөвшөөрөл олгох “долоо хэмжиж нэг огтлох” учиртай тун няхуур ажил билээ.

Дэлхийн даяар өнгөрсөн хугацаанд нийт 55.600.000 хүнийг өвчлүүлээд эмч, эмнэлгийнхэн халдвар авсан тэдгээр хүмүүсийг нь эмчилж илааршуулахад устгагдсан Ковид-19, мөн одоо халдвар авсан  хүний биед аж төрж буй болон 1.34 сая хүний амийг авч тэдэнтэй хамт булшлагдсан Ковид-19 вирусийн нийт жин масс нь нэг амны том халбага дүүрэх үгүйтэй хэмжээний бага гэсэн үзүүлэлт сүүлийн үед яригдаж байна. Нөгөөтэйгүүр өвчлөөд эдгэрсэн, одоо эмчлүүлж байгаа болон эндсэн хүмүүсийн нийт 55.600.000 гэсэн тоог хүний дундаж жин 70 кг-аар үржүүлэхээр 3 сая 892000 тонн болж буй ажээ. Нэг халбага Ковид-19 вирусийн өмнө ингэтлээ сөхөрч буй хүнтөрөлхтөн өнөө цаг дор Саран дээр хэн нэгнээ буулгаж, өөрсдийгөө хэдэн зуу дахин устгах атом цөмийн зэвсэг бүтээж чадсан хөгжил дэвшилд хүрсэн ч Анагаахын шинжлэх ухааны салбарт бол соска хөхсөн өлгийтэй хүүхэд шиг байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо гэсэн гашуун үнэний мөрүүд нийгмийн сошиал сүлжээгээр хөвөрч эхэллээ.