Бид тоймлоё, Та унш

2019.05.17 Баасан                                                      10°C   2,644.04  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё


Туул гол руу бохироо цутгаснаас болж иргэд уух усгүй болжээ

УИХ-ын дарга Туул гол дагуу дайрга олборлодог ААН-ийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Учир нь Төв цэвэрлэх, арьс ширний үйлдвэрийн бохир ус, амралтын газрууд хаягдал усаа Туул гол руу шууд цутгадгаас болж ус, агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ.

Малчид “угаадас” уухгүйн тулд ус гуйж байна

Туулын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Үүнээс болж Төв аймгийн нутагт орших мал амьтан, загас үхэх, малын үс ноос зулгарч унах нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Энэ хавар л гэхэд 2 айлын 150 мал усанд хордож үхсэн байна. Ийнхүү малчид хортой ус уухгүйн тулд сумын төв, ойролцоох цэргийн ангиас ус гуйдаг байна.

УИХ-ын дарга тусална гэв

Хортой ус ууж, бохир агаараар амьсгалж буй Төв аймгийн малчдад УИХ-ын дарга 2 худаг гаргаж өгөхөө амлалаа. Мөн нутгийнх нь хөрс, усанд нарийвчилсан шинжилгээ хийж, иргэд болон малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэлээ.


Уулзвар дээр дүрмээ баримтлаарай

Ачаалал ихтэй замуудад хийсэн шар тэмдэглэгээт уулзварын дүрэм 5/20-оос хэрэгжинэ. Ингэснээр гэрэл дохио зөрчсөн, уулзвар ачаалалтай үед нэвтэрсэн, эгнээ байр буруу эзэлж, уулзвар дээр зогсох үед камераар илрүүлж торгох юм. Харин явган зорчигчид зам тавьж өгсөн жолоочийг торгохгүй. Уулзварын шар тэмдэглэгээг ₮200 саяар хийсэн ба үүний дүнд замын ачаалал 20-30% буурах гэнэ.


ЛГБТ хүмүүсийг гадуурхах нь багасжээ

Нийгмийн цөөнх гэгддэг ЛГБТ хүмүүсийг гадуурхах, дарамт шахалт үзүүлэх нийгмийн хандлага сүүлийн жилүүдэд сайжирсан нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, дээрх хүмүүсийн 41.4% нь ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй гэжээ. Гэвч эдгээр хүмүүс танихгүй хүмүүсийн ялгаварлан гадуурхалтад их өртдөг ба үг хэлээр доромжлох, зодуулах зэргээс үүдэн бэлгийн чиг хандлагаа нуухад хүрдэг байна.


Трамп технологийн онц байдал зарлалаа

Ингэснээр Америкийн компаниуд үндэсний аюулгүй байдалд халтай гадны компаниудтай худалдаа хийх боломжгүй боллоо. Уг шийдвэр Хуавей компанийг чиглэсэн гэж ажиглагчид үзсэн ба Америкийн ЗГ-ын зөвшөөрөлгүйгээр Хуавейтэй худалдаа хийхийг хориглосон юм. Гэвч Хуавей уг хоригт зөвхөн Америкийн хэрэглэгчид хохирно гэжээ. Харин ажиглагчид Трампын дээрх шийдвэр худалдааны дайныг улам хурцатгана гэсэн юм.


Ирээдүйд худалдаалагдах 3D мах  

Их Британий эрдэмтэд дэлхийн хүн ам 2025 онд 9 тэрбумд хүрч роботууд махыг хиймлээр гаргах ба жинхэнэ малын мах тансаг хэрэглээ болно гэлээ. Ингэснээр цагаан хоолтнууд ихсэх бөгөөд хүмүүс 2196 онд өдөр тутмын амин дэмээ наалт, дуслын шингэнээс авах юм. Харин роботууд цөлд тариа, ногоо тарих бол хүмүүс микрочип бүхий хиймэл оюун ухаантай хувцас өмсөж биеийн байдлаа хэмжих гэнэ.

Таны сонорт


Related image Сайжруулсан түлш худалдаалж буй цэгүүд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр