Бид тоймлоё, Та унш

2018.10.03 Лхагва                                       18°C   2,550.04  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


ТЕГ-ын тусгай ажиллагаа

Баруун 4 замын Голомт хотхонд өчигдөр ТЕГ-ын хар масктай ажилтнууд тусгай ажиллагаа хийн, 4 хайрцаг эд зүйлсийг битүүмжлэн хураасан юм. Эдгээр нь Монголд тагнуул хийсэн гэх гадны иргэнтэй холбоотой нотлох баримтууд гэнэ.

Хятадын иргэн гэдэг нь үнэн үү?

Тодорхойгүй. ТЕГ-ын мэдээлснээр ‘гадаадын иргэн Монголд тагнуул хийсэн’ гэх зүйл ангиар уг тусгай ажиллагааг хийсэн гэв. Одоогоор аль улсын иргэн, ямар зорилгоор, хэнд ажиллаж байсан нь “маш нууц” байна.

Өөр мэдээлэл бий юу?

Зарим хэвлэлээр Хятадын иргэд $1.3 саяын хахууль манай төрийхөнд өгөхөөр бэлдсэн байсныг барьсан, үүнтэй холбоотой гэх мэдээлэл гарсан ч үүнийг АТГ үгүйсгэв. Мөн уг хэрэгтэй холбогдсон төрийн томчууд ямар ч хамааралгүй гэлээ.


Чили-рүү визгүй боллоо

Энгийн паспорт эзэмшигчид Чили улс руу 90 хүртэлх хоног визгүй зорчдог боллоо. Гадаад хэргийн сайд НҮБ-ын чуулганд оролцох үеэрээ Чилийн сайдтай уулзаж, 2 улсын иргэд харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Армян, Азербайжан улсууд руу дипломат болон албан паспорттай иргэд визгүй зорчихоор болов.


Бамбарууш эхийгээ хайж хотод орж ирэв

СХД-ийн 61-н гарамд байрлах айлын хашаанд баавгайн бамбарууш орж иржээ. Улмаар түүнийг байгаль хамгаалагчид шинжилгээнд хамруулж, байгальд нь буцаан тавьсан байна. Хүрэн баавгайн төрлийн уг бамбарууш эхийгээ хайж явсаар хотод орж ирсэн байх магадлалтай гэнэ. Хүрэн баавгайг манай улс 2012 онд ховордсон амьтны жагсаалтад оруулжээ.


Эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдаарай   

ЭМ-ийн даатгалаар анх удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар хийж эхэллээ. Ингэхдээ 18-34 насныханд БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг хийх бол 40-өөс дээш насныхныг 8 төрлийн хорт хавдрын үзлэгт хамруулна. Ийнхүү 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35%-р бууруулах ба сүүлийн 10 жилд 3400 гаруй хүн хорт хавдраар нас баржээ.


Хорт хавдрыг эмчлэх нээлтээр Нобелийн шагнал хүртжээ

Америкийн Жеймс Аллисон, Японы Тасуку Хонжо нар дархлааны систем хорт хавдрын эсийг устгаж болохыг тогтоосон судалгаагаараа Нобелийн анагаах ухааны шагнал хүртлээ. Энэ нь хорт хавдрын эсрэг хийсэн нээлтэд өгч буй анхны Нобель гэнэ. Тэдний судалгааг ашиглан бүтээсэн дархлааны саатлыг удаашруулах Ипилмумаб эм нь арьсны хорт хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд амьдрал бэлэглэдэг байна.


Найруулсан архинд хордож 42 амиа алдлаа

Иранд өнгөрсөн сард 460 орчим хүн найруулсан архинд хордож эмнэлэгт хүргэгдсэний 42 нь нас барж, 16 нь хараагүй болжээ. Тус улсад архи худалдаалах хориотой учир найруулсан архинд хордох тохиолдол элбэг гэнэ. Шинжээчид үүнийг Америк Ираны цөмийн гэрээнээс гарснаас болж импортын архины үнэ өссөнтэй холбоотой гэв. Ираны цагдаа нар уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэртээ архи найруулж зардаг иргэдийг баривчилжээ.

Таны сонорт


Image result for child icon Сурагчдын 1-р улирлын амралт энэ сарын 27-нд эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр