Аваргуудын лигийн шөвгийн наймд Германы “Байерн Мюнхен”-д 8:2-оор бут ниргүүлсний дараагаар Испанийн “Барселона”-гийн ахлагч, аргентин довтлогч Лионель Месси багаасаа явах тухай эргэцүүлж эхэлсэн гэх мэдээ түгэх болсон.
Нөхцөл байдлыг далимдуулан Италийн “Интер”, Английн “Манчестер Сити”, Францын “Парис Сен-Жермейн” Мессиг авахаар ихээхэн хэмжээний мөнгө гаргахад бэлэн байгаагийн зэрэгцээ мөн маш өндөр цалин амлахаар зэхжээ.
33 настай довтлогчийг зарах, үлдээх эсэх асуудлаар “Барселона”-гийн удирдлагууд ярилцаж, зарим нь өндөр үнээр бол зарахыг буруутгаагүй сурагтай. Тиймээс ч хэрвээ Мессиг авья гэвэл түүний гэрээнд заасан зарах үнийн босго дүн болох 700 сая еврог төлөх шаардлагатай гэж клубын зүгээс үзэж буй юм байна.
Мэдээж, цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан ийм цаг үед тийм өндөр үнэ төлөх баг бараг байхгүй.
Тэгээд ч Мессиг өөр багт алдвал давхар рекламны маш олон гэрээ, их мөнгөө алдах тул “Барселона” хямд зарахыг хүсэхгүй юм.
Каталоны багийн шинэ дасгалжуулагч Рональд Куман ажилдаа орсныхоо дараагаар Лионель Месситэй биечлэн уулзаж, өөрийн төслөө танилцуулж, цаашид түүнд итгэж, багийнхаа тулгуур тоглогч хэвээр байлгахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Харин Месси одоогоор шийдвэр гаргаагүй байгаагаа хариу дуулгасан гэж хэвлэлүүд мэдээлсэн.
Мөн тэдний уулзалтын тухай мэдээлэл задарсан явдалд Месси бухимдуу байгаа тухай мөн мэдээ түглээ.
Эх сурвалж: udriintoim.mn Р.Гэгээ