Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн “Сельта”-“Барселона”-гийн тоглолт 2:2-оор өндөрлөсөн. Тус тоглолтод хоёр оноо алдснаар “Барселона” лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд “Реал Мадрид”-аас хоёр оноогоор хоцорч эхэлсэн юм.

Тоглолтын явцад Кике Сетьений туслах Эдер Сарабиа багийнхаа ахлагч Лионель Мессид хоёр ч удаа зааварчилгаа өгөх гэсэн ч аргентин довтлогч түүнийг үгийг сонсохыг хүсэлгүй шууд холдон одож буй бичлэг хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр таржээ.

Тус тоглолтын дараагаар “Барселона”-гийн хөлбөмбөгчид дасгалжуулагчтайгаа маргалдаж, маргааш нь бэлтгэл дээр мөн таагүй харилцаа үргэлжилсэн хэвээр байсан тухай Marca мэдээлжээ. Кике Сетьенээс хөлбөмбөгчидтэйгээ зөрчилтэй байгаа эсэх тухай асуухад “Би жижиг хэсгүүдийг салгаж хардаггүй. Тийм ээ, бидний дунд санал зөрөлдөх юм гардаг. Гэхдээ би үүнийг том асуудал гэж бодохгүй байна” гэж хариулсан юм.

“Барселона”-гийн тоглогчид дасгалжуулагчтайгаа зөрчилдсөн нь улирлыг аврах боломж байгаа үед нүүр тулан ний нуугүй ярилцаж, ажлаа сайжруулах гэсэнтэй холбоотой гэж хэвлэлээр дүгнэж байна.

Хэрвээ энэ улиралд “Барселона” Аваргуудын лигийн аварга болохгүй бол Кике Сетьенийг халах нь тодорхой байгаа ажээ.

Р.Гэгээ