33 настай аргентин довтлогч Лионель Месси Испанийн “Барселона”-гаас явахаар шийдэж, энэ тухайгаа факсаар клубын удирдлагад мэдэгдсэн тухай хэвлэлүүд шуугиж эхэллээ. “Барселона”-тай байгуулсан гэрээнд Месси гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцлах заалт байгаа юм. Тиймээс энэ боломжоо ашиглахыг хүссэн байна. Гэвч багаас явахыг хүсч, гэрээгээ цуцлах тухайгаа 2020 оны тавдугаар сарын 31-нээс өмнө клубын удирдлагад мэдэгдэнэ гэсэн заалт мөн гэрээнд байгаа аж. Энэ хугацаа өнгөрсөн тул Месси одоо өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлах боломжгүй, заавал клубын удирдлагатай зөвшилцөх ёстой болжээ.
Түүний гэрээнд зарах босго үнийг 700 сая евро гэж зааж өгсөн. Энэ үнийг төлсөн багт Месси өөрөө хүсвэл шууд очих боломжтой. Харин үүнээс бага үнэ амласан багт “Барселона” зарахгүй байх эрхтэй юм.
Тиймээс ч “Барселона”-гийн удирдлага Мессид хариу факс илгээж, түүндээ гэрээг дур мэдэн цуцлах хугацаа өнгөрснийг дуулгажээ. “Барселона”-гийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, Месси рүү илгээсэн факстаа түүнтэй насан туршийн гэрээ хийхийг хүсч буйгаа мөн дурьдсан бололтой.
Хэрэг явдал ийнхүү өрнөж эхэлсэн үед цагтаа “Барселона”-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жоан Гаспар Мессид бус клубтээ илүү хайртай гэж мэдэгдээд амжлаа.
“Энэ зун Мессиг 700 сая еврогоос хямд зарахын оронд ирэх жил үнэгүй явуулсан нь дээр гэж би бодож байна. Энэ тохиолдолд тоглогч биш клуб шийдвэр гаргах ёстой. Би Мессид хайртай л даа. Гэхдээ “Барселона”-даа түүнээс ч илүү хайртай. Тэгэхээр Мессиг авья гээд байгаа баг гэрээнд заасан босго үнэ 700 сая еврог төлөөд л ав.
Мэдээж, ойр тойрныхных нь нөлөө, шахалт гээд элдвийн л зүйл байгаа биз. Гэхдээ би клубын ерөнхийлөгч байсан бол Мессигийн үнийг ганц еврогоор ч буулгахгүй. Хэрвээ Мессиг босго үнээс хямдаар зарвал “Байерн Мюнхен”-д 2:8-аар хожигдсноос ч гутамшигтай явдал болно.
Дахиад хэлэхэд, энэ зун түүнийг 699 сая еврогоор зарснаас ирэх зун үнэгүй явуулсан нь дээр. Нэг ч евро хямдруулахгүй” хэмээн Жоан Гаспар мэдэгджээ.
Харин Мессигийн хувьд Пеп Гвардиолагийн удирдаж буй Английн “Манчестер Сити”-д очих магадлал хамгийн өндөр гэж яригдаж байна. . Гвардиолатай утсаар ярьсан ч гэх мэдээ түгэв. Тэнд мөн түүний найз Серхио Агуэро тоглодог.
Энэ зуур “Барселона”-гийн албан байрны гадна клубын ерөнхийлөгч Жозеп Бартомеуг огцрохыг шаардсан фанатууд цуглаж, шаардлага тавьж эхэлжээ.
Эх сурвалж: udriintoim.mn Р.Гэгээ