Монгол Улсад он гарсаар эхний гурван сарын байдлаар 11907 удаагийн газар хөдлөлт болжээ. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Хамгийн сүүлд энэ сарын 20-ны 11:03 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайтай хэсэгт магнитуд нь М=5.8-тай газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.06, уртраг 94.07 байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах теле хичээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх юм.

 

Эх сурвалж: udriintoim.mn