Манайд  албан ёсны хоёр шинэ жилийн баяр бий. Эдгээр нь олны нэрлэж бичиж  заншсанаар Аргын тооллын хэмээх, өвөл тохиодог Нэгдүгээр сарын 1-ний, түүнчлэн Билгийн тооллын хэмээх Хаврын эхэн сарын шинийн нэгэн юм. Бидний өвөг монголчуудын шинэ он нь хавар эхэлдэг байсан талаарх баримт “Монголын Нууц товчоон”-д байдаг. Эзэн Чингис хааны ес дэх дээд өвөг Бодончар мунхаг МЭ 980-аад онд Онон мөрний хөвөөнд аж төрж суухад нь он солигдож, хавар болсон тухай өгүүлжээ. Дашрамд тодотгоход, эрдэмтэн судлаачид Алан Гоо хатны отгон хүү, Боржигон овгийн угсааны анхдагч Бодончарыг ойролцоогоор МЭ 970 онд мэндэлсэн хэмээн тодорхойлж тогтоожээ.

Академич Ц.Дамдинсүрэн гуайн хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр хөрвүүлж, 1957 онд кирилл үсгээр хэвлэсэн  “Монголын Нууц товчоо”-ны 28-р хуудсанд “-26. Бодончар, идэх юмгүйн тул чонын гууд (жалга) хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож харцагаа тэжээсээр ТЭР ОН ГАРАВ. -27. ХАВАР БОЛЖ, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж идэж үл барах тул” гэсэн өгүүлбэр байгаа.

Энэхүү он солигдож, хавар болж буйг өгүүлсэн  хэсгийг доктор Б.Сумъяабаатар гуайн, “Монголын Нууц товчоон” зохиогдсоны 780 жилийн ойд зориулан бүтээн туурвиж, өнгөрсөн намар эрдэмтэн судлаачид, уншигчдадаа толилуулсан номд гарснаар нь иш авъя. Тус ном нь нэгэнт үрэгдэж, өнөөгийн үед хадгалагдаж үлдээгүй “Монголын Нууц товчоон”–ны анхны эхээс тухайн үед  монгол үг өгүүлбэрийг нь хятад ханзаар тэмдэглэсэн хуулбарыг оригоор нь, дээр нь латин галиг, кирилл үсэг болон монгол бичгээр хадаж буулгасан, түүнчлэн 3000 гаруй үгийг хожмоо судлаачдын буруугаас утга төөрөлдсөнийг зөв болгож тайлбарлан таниулсан эрдэм шинжилгээний хосгүй бүтээл юм. Тус номын 472-р нүүрт “1.26.4. тэжээлдэн, он гарав. 1.27.1. Хавар болов. Нугуд ирэхүй цагт харцгай-багаан тэйлүүлж” гэж өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: udriintoim.mn